Орост дайн эсэргүүцэгчдийг хэрхэн шийтгэж байгаа вэ

Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх шийдвэр гаргаж, хөрш оронруугаа довтолсон өдрөөс эхлээд л Орост дайн эсэргүүцэгчид нэгдэн, жагсаж цуглан, энх тайвныг шаардсаар байна. Гэсэн ч Орост олон нийтийн өмнө дайн эсэргүүцсэн байр сууриа илэрхийлвэл Оросын цэргүүдийн нэр хүндэд халдсан хэргээр саатуулагдаж, торгууль хүлээх эрсдэлтэй юм. Цагдаагийн хараанд ороход заавал жагсаж цуглах ч албагүй, машин дээрээ эсвэл хувцсан дээрээ дайн эсэргүүцсэн бичиг наасан байхад л хангалттай.
Гуравдугаар сарын 29-ний өдөр Москва хотод шинжлэх ухааны хэвлэлийн редакзтор Вера Башмаковаг саатуулжээ. тэрбээр машиныхаа арын шилэн дээр "Дайныг эсэргүүцэж байна" гэсэн бичиг наасан байж. ВВС агентлагийн мэдээлснээр, Вера охиноо цэцэрлэгээс нь аваад гараад ирмэгц түүнийг саатуулсан гэнэ. Тэрбээр цагдаагийнхан Захиргааны хэрэг зөрчлийн тухай хуулиар протокол үйлдэж, түүнийг явуулах хүртэл дөрвөн настай охины хамт хэдэн цаг цагдаагийн хэсэгт саатуулагдсан аж.
"Цагдаа нар бүгдээрээ л намайг өрөвдөж, тэд бүгдээрээ тийм биш, харин амьдрал л ийм байна гэж тайлбарласан. Миний машины зургийг авч цагдаагийнханд мэдүүлсний улмаас саатуулахаас аргагүй байсан гэж тайлбарласан" хэмээн Вера Башмакова өгүүлжээ.
Түүний өгүүлснээр, шүүх протоколыг хянаж үзээгүй байгаа, харин Башмакова машин дээрээсээ "Дайныг эсэргүүцэж байна" гэсэн бичгийг авах бодолгүй байгаа гэнэ.
Цүнх, пальто дээрх бичиг
Сэтгүүлч бүсгүйн адилаар шийтгүүлсэн хүмүүс Орост олон гэж ВВС мэдээлжээ. Тухайлбал Архангельск мужийн Северодвинск хотын оршин суугч эмэгтэй машиныхаа арын шилэн дээр "Би/Бид энх тайван, дайныг эсэргүүцэж байна" гэсэн бичиг наасныхаа төлөө мөн л саатуулагджээ.
Ингээд гуравдугаар сарын 25-ны өдөр хотын шүүх түүнийг өмнө нь захиргааны хариуцлагад татагдаж байгаагүй, мөн машинаасаа бичгийг хуулсан зэргийг харгалзан 15 мянган рублиэр торгосон байна. Энд дуулгахад, Оросын Захиргааны хэрэг зөрчлийн тухай хуулинд заасан хамгийн бага мөнгөн торгууль нь 30 мянган рубль байдаг аж.
Харин гуравдугаар сарын 26-ны өдөр Петербург хотод цүнхэн дээрээ "Дайн эсэргүүцэж байна" гэсэн бичигтэй, багш Екеатерина Васильеваг саатуулжээ.Ингээд түүнээс цүнхийг нь хурааж, Захиргааны хэрэг зөрчлийн тухай хуулийн дагуу протокол үйлдсэн байна. Шүүх энэ тогтоолыг хараахан хянан хэлэлцээгүй байгаа гэнэ.
Түүнчлэн энэ хотод дайн эсэргүүцсэн бичиг бүхий пальто өмссөн Демьян Беспокоев гэх оршин суугчийг саатуулжээ. Түүний пальтон дээр "Энэ бол өвөөгийн минь пальто. Аугаа их эх орны дайны үеэр өвөө минь эзлэгдсэн нутаг дэвсгэр дээр өлөн зэлмүүн амьдарч байсан. Эртний түүхийн аймшигт мөч яагаад миний үед давтагдаж байгаа юм? Надад гунигтай бас аймшигтай санагдаж байна. Би дайныг хүсэхгүй" гэж бичсэн байжээ.
Татарстан улсын нэгэн хотод гэрийнхээ тагтан дээр "Дайныг эсэргүүцэж байна" гэсэн плакат өлгөсөн оршин суугч, машин дээрээ ийм бичиг бичсэн Челябинскийн оршин суугчдыг саатуулж торгосон бол "Мир" буюу "энх тайван" гэсэн бичигтэй төлбөрийн карт барьж зогссоныхоо төлөө ч анхааруулга авсан тохиолдол гарчээ.
Орост цэргийн ажиллагааны талаар "худал мэдээлэл" тараах, цэргүүдийн нэр хүндэд халдахыг хориглосон бөгөөд дайн эсэргүүцэх, энх тайванд уриалсан тохиолдлыг хууль зөрчсөн хэмээн үзэж байгаа аж. Одоогоор энэ "зөрчил"-тэй холбоотой хичнээн хэрэг үүсгэсэн нь тодорхойгүй байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ