Уилл Смитийг академиас хасаж болзошгүй

АНУ-ын Кино урлагийн академи жүжигчин Уилл Смиттэй холбоотойгоор сахилгын хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Энэ талаар Variety мэдээлсэн байна.
"Смитийн үйлдэл цочролд ормоор, таагүй үйл явдал болсон" хэмээн академи мэдэгджээ. Жүжигчинтэй холбоотой сахилгын арга хэмжээний шийдвэрийг дөрөвдүгээр сарын 18-ны өдөр болох академийн хурал дээр гаргах юм байна. Уилл Смитийн академийн гишүүнчлэлийг түр зогсоох эсвэл цуцлах, өөр шийтгэл оноож магадгүй талаар эх сурвалж мэдээлжээ.
Эргэн сануулахад, Оскар гардуулах үеэр хөтлөгч Крис Рок Уилл Смитийн эхнэртэй холбоотой таагүй хошигнол хэлсэн юм. Уилл Смитийн эхнэр хүнд өвчний улмаас үс нь унаж, улмаар хусуулсан бөгөөд түүний энэ байдлыг харсан хөтлөгч халзан толгойтой нь холбоотойгоор хошигносонд Уилл Смит бухимдаж, тайзан дээр гаран Крис Рокийг алгадаж байв.
Энэ явдлын дараа хөтлөгч Крис Рок Уилл Смитийн эсрэг цагдаад гомдол гаргахаас татгалзсан бол Уилл Смит олон нийтийн сүлжээгээр дамжуулан Рокоос уучлалт гуйсан юм.
Уилл Смит: Намайг уучлаарай, Крис, биеэ барьж чадсангүй
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ