Зеленский: ОХУ Донбасс, Мариуполь, Харьковд хүчтэй цохилт өгөхөөр бэлдэж байна

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский пүрэв гарагийн орой хийсэн ээлжит мэдэгдэлдээ, Орос улс Украины хойд хэсэг рүү ухрахдаа Донбасс, Мариуполь, Харьков орчимд цохилт өгөхөөр бэлдэж байгааг ард иргэддээ анхааруулжээ. Өмнө нь, Оросын тал ч мэдэгдэл хийхдээ, Донбассд гол анхаарлаа төвлөрүүлнэ гэж онцолж байсан юм.
Зеленскийн мэдэгдэлд өгүүлснээр, оросууд Киевээс ухарч, Черниговын чиглэлд хөдөлж байгаа гэнэ.
"Оросын цэргүүдийн хувьд энэ нь тэдний тактикийн нэг хэсэг гэдгийг би ойлгох ёстой. Бид тэдний далд санааг мэдэж байна <...> Тэд манай хүчтэй тулгарч байгаа энэ чиглэлүүдээс явж, өөр илүү чухал хэсгүүдэд анхаарлаа төвлөрүүлэх гэж байна. Донбасс, Мариуполь, Харьковын чиглэлд Оросын цэргүүд цохилт хийхээр хүчээ хуримтлуулж байгаа. Хүчтэй цохилт хийхээр бэлдэж байна. Бид өөрсдийгөө хамгаална. Эзлэн түрэмгийлэгчдийг зогсоож, газар нутгаа тэдний хэрцгий, солиотой довтолгооноос хамгаалахын тулд чадах бүхнээ хийнэ" хэмээн Зеленский мэдэгджээ.
Зеленский генералуудынхаа цолыг хураав
Зеленский дээрх мэдэгдлийнхээ үеэр Украины Аюулгүй байдлын албаны хоёр генералын цолыг хураасан талаар мэдэгджээ. Энэ нь Дотоодын аюулгүй байдлын ерөнхий газрын дарга асан Андрей Наумов, Херсон мужийн аюулгүй байдлын газкрын дарга асан Сергей Криворучко нар аж.
"Өнөөдөр өөр нэг шийдвэр гаргалаа. Одоо надад урвагчидтай зууралдах цаг алга, гэхдээ тэднийг бүгдийг нь шийтгэнэ” хэмээн Владимир Зеленский мэдэгджээ.
Дотоодын аюулгүй байдлын ерөнхий газрын дарга Андрей Наумов энэ албан тушаалаасаа өнгөрсөн онд халагдсан аж. Украины хэвлэлүүдийн мэдээлснээр, тэрбээр дайн эхлэхээс хэдхэн цагийн өмнө Украиныг орхин гаржээ.
Харин Сергей Криворучког Херсоныг бараг эсэргүүцэл үзүүлэлгүйгээр “бууж өгсөн”-д хамааралтай хэмээн сэжиглэж байгаа аж. Херсон бол Оросуудын эзлэж чадсан, Украины цорын ганц мужийн төв юм.
Украин 11 суурин газрыг чөлөөлжээ
Гуравдугаар сарын 31-ний байдлаар Украины цэргүүд Херсонщинд 11 суурин газрыг чөлөөлсөн хэмээн мэдэгдсэн талаар ВВС агентлаг дамжуулжээ. Эдгээр суурин газрууд нь тус мужийн хамгийн хойд хэсгийн, Днепропетровск мужтай хиллэдэг хэсэгт байх тосгон, суурингууд аж.
Эдгээр суурингуудыг хэзээ, ямар хугацаанд чөлөөлсөн талаарх мэдээлэл гараагүй байна. Түүнчлэн эдгээр сууринг тулалдаж чөлөөлсөн эсвэл Оросын цэргүүд зүгээр орхиод гарсан эсэх мэдээлэл ч гараагүй байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ