Times: Ямар ч тохиолдолд ОХУ-тай хэлэлцээр байгуулахгүй байхыг Британи Украинд зөвлөж байгаа

Украин, Оросын хэлэлцээтэй холбоотойгоор АНУ, Франц, ХБНГУ-аас илүү хатуу байр суурь баримталж байгаа улс нь Их Британи, энэ улс ямар ч тохиолдолд ОХУ-тай хэлэлцээр байгуулахгүй байхыг Украинд зөвлөж байгаа гэнэ. Энэ талаар Британийн Засгийн газраас авсан эх сурвалжтайгаар The Times мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ, Франц, ХБНГУ Украиныг Орост ихээхэн буулт хийх нөхцөлд түлхэхэд бэлэн байгаад Британи ихээхэн санаа зовниж байгаа гэнэ. Британийн холбоотнууд ойрын ирээдүйд Орос-Украиныг тохиролцоонд хүргэх эрмэлзэлтэй байгаа бол Британи огт өөр байр суурьтай байгаа аж. Украин улс "дээд зэргээр хүчтэй байрлалд орсон нөхцөлд" л хэлэлцээрт гарын үсэг зурах ёстой гэж Их Британи үзэж байгаа аж.
Түүнчлэн "Оросын цэргүүд Украин, тэр дундаа Крымийг орхин гарах хүртэл" ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээний дарамт шахалтаа үргэлжлүүлэхийг Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон дэмжиж байгаа гэнэ.
Эргэн сануулахад, сөргөлдөгч талууд дайн эхэлсэн дөрөв дэх өдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр анхлан хэлэлцээ хийж, хамгийн сүүлд, өнгөрсөн мягмар гарагт Туркийн Стамбул хотод талууд биечлэн уулзсан юм. Хэлэлцээ төдийлөн үр дүнд хүрээгүй ч нөхцөл байдал нааштайгаар эргэх шинж тэмдэг ажиглагдаж байгааг хоёр тал онцолж байв.
ОХУ, Украины Стамбул дахь хэлэлцээ: Тэд юу тохиролцов
Орос, Украины төлөөлөгчид хэсэг завсарласны эцэст Туркийн Стамбул хотод биечлэн уулзлаа. Энэ уулзалтын дараа Оросын Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгдэл хийн, Украины хойд хэсэг дэх байлдааны үйл ажиллагаагаа "хэд дахин" бууруулна хэмээн зарласан байна. Уулзалтын дараа Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский "цогц хэлэлцээ боллоо" хэмээн мэдэгдсэн байна. Гэрээнд оруулах байр сууриа Украин илэрхийлсэн гэдгийг нэмж өгүүлжээ.ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ