
Монгол хүн ирэх 2020 он гэхэд эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эрх чөлөөтөйгөөр амьдралын баталгаатай аюулгүй орчинд амьдрах бүрэн боломжтой болохын тулд Монгол улсын төрийн бодлогыг тодорхойлж байгаа томоохон хоёр хүчний нэг болох Ардчилсан намаас үндэсний хэмжээний томоохон хэлэлцүүлгийг орон даяар Эдийн засгийн хувьсгалын замаар эхлүүллээ. Бүтэн жилийн туршид үргэлжлэх “Монгол хүн- 2020” хэлэлцүүлгээр монгол орны өнцөг булан бүрт суугаа иргэн хүний санал, хүсэлт, хэлэх үгийг нэг бүрчлэн сонсож найман жилийн туршид боловсруулах удаан хугацааны хөтөлбөртөө тусган монгол улсыг хөгжүүлэх бодлого боловсруулах юм.
Энэхүү хэлэлцүүлэг орон даяар өрнөж 15 дахь аймагтаа үргэлжилсэн нь Сүхбаатар аймаг байлаа. Өнгөрсөн сарын 17-18-ны өдрүүдэд Баруун-Урт хотноо үргэлжилсэн энэхүү хэлэлцүүлэгт 600-аад төлөөлөгчид оролцож ирэх 2020 он гэхэд Баруун-Урт хот, цаашлаад Сүхбаатар аймаг, монгол улсыг хөгжүүлэхэд өөрийн үзэл бодлыг мөрийн хөтөлбөрт тусгуулахаар зорьсон байлаа.
Сүхбаатар аймагт шүүмжлэлтэй, тулгамдсан асуудлыг иргэд нээлттэй ярилцаж шүүмжилж Ардчилсан нам засгийн эрх барих гурван жилийн хугацаанд аймаг орны өнгө төрх нүүрээ угаасан хүүхэд шиг царай зүс нь өдрөөс өдөрт хурдтайгаар сайжирч байгаад талархаж байгаагаа хэлэлцүүлэгт оролцсон иргэд хэлж байлаа. Иргэдийн зүгээс асуудалд шүүмжлэгчийн өнцгөөс хандаж болох ч магтаал сайшаалыг ч мөн орхигдуулалгүй аймгийнхаа удирдлагуудад өгч байсан юм. Зүйрлүүлж хэлэхэд Сүхбаатар аймгийн хурдацтай хөгжлийг Хятадын эдийн засаг, хөгжлийн хурдтай ч адилтгаж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ