Монгол Улсын хилээр 20 сая төгрөгтэй тэнцэх үнэт металл, бэлэн гадаад валют гаргахыг хориглоно

Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг Засгийн газар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

 

 

Энэ хуулиар 8 чиглэлийн арга хэмжээ авна.

 

  1. УИХ үүнтэй холбоотой хууль, тогтоомжийг дараалал харгалзахгүйгээр яаралтай хэлэлцэнэ.

  2. Монголбанк мах, гурилын нөөц бүрдүүлэх, газрын тосны бүтээгдэхүүн импортлогчийн эргэлтийн хөрөнгө болон урьдчилгаа төлбөр төлөхөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг харьцдаг банкуудаар нь олгоно.

  3. Монголбанк гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор банкаар дамжуулан алт олборлогч ААН-үүдэд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгож, Лондонгийн металийн биржийн үнэн дээр 5 хувийн нэмэгдэлтэйгээр алт худалдан авна.

  4. Засгийн газраас мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомстол үүсгэхгүй байх арга хэмжээ авах цогц төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх бөгөөд газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварын 5 хүртэлх хувьд зохицуулалт хийнэ.

  5. Хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг жилийн батлагдсан нэгдсэн төсвийн нийт зардлын хэмжээг нэмэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх замаар шийдвэрлэхээр Засгийн газрын үнэт цаас, баталгаа гаргана.  

  6. Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн хомстол үүсгэхгүй байх ажлыг зохион байгуулж, тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор хариуцлагын гэрээ байгуулан мөрдүүлнэ.

  7. ХХААҮЯ экспортлох хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоож, мөрдүүлнэ.

  8. Иргэд 20 сая төгрөгтэй тэнцэх үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглоно.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ