Буча: Орост эсэргүүцлийн акц болж, ЕХ цэргийн гэмт хэргийг шалгахад тусална гэв


Хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин "тусгай цэргийн ажиллагаа" явуулах тушаалд гарын үсэг зурж, ОХУ хөрш оронруугаа халдсанаас хойш сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Украин, Оросын энэхүү дайн хэзээ дуусах нь тодорхойгүй, дэлхий нийт хоёр талын хэлэлцээг чих тавин хүлээж байгаа ч төдийлөн үр дүнд хүрээгүй байгаа юм. Украин, Оросыг тойрсон, даваа гарагт болсон үйл явдлуудыг тоймлон хүргэе.
Украины Буча хотод Оросын цэргүүд цэргийн гэмт хэрэг үйлдэж, энгийн иргэдийг олноор нь хороосон гэсэн мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд дэлхий даяар цацагдаж, олон орны улс төрч, төрийн тэргүүнүүд үүнтэй холбоотой байр сууриа илэрхийлсэн юм. Энэ удаад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден байр сууриа илэрхийлжээ.
ВВС агентлагийн дамжуулснаар, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг цэргийн гэмт хэрэгтэн хэмээн дахин нэрлээд, Буча хотод Оросоын цэргүүд энгийн иргэдийг хөнөөснийх нь төлөө шүүхэд өгөхийг дэлхий нийтэд хандан уриалсан байна. Түүнчлэн тэрбээр Оросын энэ харгислалын төлөө шинээр хориг арга хэмжээ тавина гэж мэдэгджээ.
Буча хотод болсон үйл явдал дэлхийн хэвлэл мэдээллүүдийн анхаарлыг татсан хэвээр байгаа юм.
Америкийн Нью-Йорк Таймс сонин Буча хотын цогцсо хэвтэж буй гудамжуудын хиймэл дагуулын зургуудыг шинжлээд, эдгээр цогцоснууд гурван долоо хоногийн хугацаанд гудамжинд хэвтэж байгаа гэж үзжээ. Өөрөөр хэлбэл Оросын армийн хяналтад энэ хот байхад л хүмүүс алагдсан гэж эх сурвалж мэдээлсэн байна.
Буча хотод гарсан цэргийн гэмт хэргийг мөрдөн шалгахад олон улсын зүгээс дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байсан. Энэ удаад Еврокомиссын дарга Урсула фон дер Ляйен цэргийн гэмт хэргийн нотлох баримтыг цуглуулахын тулд ЕХ Украин руу мөрдөн байцаагчдын баг илгээхэд бэлэн гэж мэдэгджээ.
Харин ОХУ цэргийн гэмт хэрэг үйлдсэн гэх мэдээллийг няцаасаар байгаа юм. Хамгийн сүүлд НҮБ дахь Оросын байнгын төлөөлөгч Василий Небензя мэдээллийг үгүйсгэсэн бөгөөд Буча дахь үйл явдал нь “тавилттай өдөөн хатгалга” хэмээн мэдэгдээд Барууныхныг буруутгасан байна.
Буча-Москва

Ийнхүү Бучад аймшигт гэмт хэрэг гарч, Орос үүнийг няцааж байх зуур тус улсын нийслэл Москва хотод амиа алдсан энгийн иргэдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ зохион байгуулагджээ.
Оросын “Холод” цахим хэвлэлийн мэдээлснээр, Украины Буча хотод амиа алдсан энгийн иргэдийн дурсгалд зориулан “Буча-Москва” арга хэмжээг зохион байгуулсан байна.
Энэ арга хэмжээг зохион байгуулагчдыг цагдаагийнхан саатуулсан эсэх, тэднийг хариуцлагад татагдсан эсэх мэдээлэл одоогоор гараагүй байгаа юм. Орост дайн эсэргүүцсэн аливаа төрлийн эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулах, түүнд оролцох, олон нийтийн өмнө энх тайванд уриалсан тохиолдолд л захиргааны хэрэг зөрчлийн тухай хуулиар шийтгэл оноож байгаа талаарх мэдээлэл өмнө нь гарч байлаа. ОХУ-ын эрх баригчид дайн эхэлсний дараахан л Оросын цэргүүдийн нэр хүндэд халдсан, худал мэдээлэл тараасан тохиолдолд буруутай этгээдэд шийтгэл оноох тухай хууль баталсан бөгөөд тэр үеэс хойш эсэргүүцлийн арга хэмжээг цагдаагийнхан тараах, энгийн иргэд дайн эсэргүүцэж байгаа тухай бичгийг машин дээрээ наах төдийд л саатуулагдан, торгуульж байгаа тухай хэвлэлүүд мэдээлсээр байгаа юм.

Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ