ИРГЭД: НӨАТ-ын буцаан олголт автобус унааны мөнгөнд ч хүрдэггүй

УИХ-ын гишүүн Н.Учрал НАМЗХ-ын ээлжит бус хуралдааны үеэр “НӨАТ-ын буцаан олголтоор амьдарч байгаа иргэд маш олон байна. НӨАТ-ын буцаан олголтоор амьдрал ахуйгаа авч явдаг олон хүн байна. НӨАТ-ын буцаан олголтыг хүлээж байдаг” гэж хэлсэн нь иргэдийг бухимдуулаад байна.
Тэгвэл УИХ-ын гишүүний хэлсэнчлэн НӨАТ-ын баримтаар иргэд амьдралаа залгуулдаг эсэх, улирлын буцаан олголт амьдралд нь хэр нэмэр болдог талаар хариулт авлаа.
НӨАТ-ын улирлын буцаан олголтоор дунджаар 50.000 төгрөг авдаг
Сүхбаатар дүүргийн иргэн В.Гэрэлтуяа:
-НӨАТ-ын улирлын буцаан олголтоор дунджаар 50.000 төгрөг авдаг. НӨАТ-ын буцаан олголтоор амьдарч байна гэдэг үг шиг худлаа зүйл байхгүй. 50.000 төгрөгийн буцаан олголт авахын тулд 100-аас илүү олон баримт бүртгүүлдэг. НӨАТ-ын буцаан олголтоор амьдарна гэж хэзээ ч байхгүй. Мөн НӨАТ-ын сугалааг болиулах хэрэгтэй. Зарим амьдралын боломж муутай хүмүүс НӨАТ-ын баримтаа ч бүртгүүлж мэдэхгүй байна. Бүртгүүлэхийг мэддэг ч ухаалаг утас алга. Баримтаа бүртгүүлсэн ч их мөнгө авахгүй. Дундаж амьдралтай хүмүүс НӨАТ-ын баримт бүртгүүлж байгаа ч маш бага буцаан олголт авдаг.
НӨАТ-ын буцаан олголтоороо ойр зуурын хүнс авдаг. Жишээлбэл, 25 кг-тай будаа 115.000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Ингээд тооцвол НӨАТ-ын гурван улирлын буцаан олголтоор 25 кг будаа авахаар байна.
НӨАТ-ын буцаан олголтоор амьдрах боломжгүй
ШУТИС-ийн оюутан Б.Билгүүндаваа:
-Хэрэглээнээсээ хамаараад НӨАТ-ын буцаан олголт өөр өөр авдаг. Дунджаар улиралд 10.000-.15.000 төгрөг авдаг. Хичээлийн хэрэгсэлд зарцуулдаг. НӨАТ-ын буцаан олголтоор амьдрах боломжгүй. Н.Учрал гишүүн өндөр хэрэглээтэй учраас НӨАТ-ын буцаан олголт гэж их мөнгө авдаг байх. Тиймээс бид нарыг ч бас өндөр авдаг гэж бодсон байх.
НӨАТ-ын буцаан олголтоо автобус унааны мөнгөнд зарцуулдаг
Чингэлтэй дүүргийн иргэн Л.Бадамгарав:
-Улиралд дунджаар 10.000-20.000 төгрөгийн буцаан олголт авдаг. Яагаад ч НӨАТ-ын буцаан олголтоор амьдрах боломжгүй. Амьдралд хүрэлцэхгүй. Автобус унааны мөнгөнд зарцуулдаг.
Буцаан олголтоо хүнсэнд зарцуулдаг
МУИС-ийн оюутан:
-НӨАТ-ын буцаан олголтоор улиралд дунджаар 7.000-8.000 төгрөг авдаг. Гэхдээ 100.000-200.000 төгрөгийн худалдан авч байж 8000 төгрөгийн буцаан олголт авдаг. Яаж ч бодсон НӨАТ-ын буцаан олголт амьдралд хүрэлцэхгүй л дээ. Буцаан олголтоо хүнсэнд зарцуулдаг.
Нэг өдрийн хүнсний хэрэглээнд зарцуулдаг
Баянзүрх дүүргийн иргэн Б.Мөнхтуяа:
-Улиралдаа 20.000-40.000 төгрөгийн буцаан олголт авдаг. Хэзээ ч НӨАТ-ын буцаан олголтоор амьдрахгүй. Нэг өдрийн хүнсний хэрэглээнд л ашигладаг. Олон баримт бүртгүүлдэг хүн байж болно. Гэхдээ хүмүүс олноор нь бүртгүүлээд, их мөнгө авч чадахгүй.
Автобус, унааны мөнгөнд зарцуулагддаг
Баянзүрх дүүргийн иргэн Э.Баярхүү:
-Би НӨАТ-ын баримт бүртгүүлдэггүй. Гэрийнхэн маань бүртгүүлдэг. Манай гэрийнхэн улиралд дунджаар 60.000-70.000 төгрөг авдаг. Энэ нь манай гэрийнхний долоо хоногийн автобус, унааны мөнгөнд зарцуулагддаг.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ