Зеленский: Орос хүчээ зузаатгахаар хичээж байгаа ч Украин тэмцсээр л байна

Хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгснөөр Оросын арми хөрш оронруугаа довтолж эхэлсэн. Энэ хугацаанд сөргөлдөгч талууд удаа дараа хэлэлцээ хийсэн ч төдийлөн үр дүнд хүрээгүй, байлдаан үргэлжилсээр байна.
Украины Ерөнхийлөгч Зеленский ард иргэддээ хандсан ээлжит мэдэгдлээ хийлээ. Тэрбээр мэдэгдэлдээ, ОХУ армийн хүчээ шинэ цэргүүдээр зузаатгахыг хичээж байгаа ч Украин улс дайнд ялахын төлөө тэмцэнэ хэмээн онцолсон байна.
"Эзлэн түрэмгийлэгчид тооны хувьд давуу гэдгийг бид ойлгож байна. Мөн тэдэнд илүү их техник байгаа. Оросын удирдагчид Орос даяар цэргийн сургуулиудаас тэнэгүүдийг цуглуулж, байлдааны туршлагатай, хугацаат цэргийн алба хаагчдыг татаж, дахин нэг дайралтад оруулахаар тэднийг хядлагын газар руу илгээхээр төлөвлөж байгааг бид мэдэж байгаа. Гэхдээ бидэнд өөр сонголт үгүй. Манай газар нутаг, ард түмний хувь заяа шийдэгдэж байна. Бид юуны төлөө тулалдаж байгаагаа мэдэж байна. Тиймээс бүхнийг ялалтын төлөө хийнэ" хэмээн Зеленский мэдэгджээ.
Мариуполиос иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа дахин тасалдав
Талууд байлдаан эхэлснээс хойш хэдэнтээ хэлэлцээ хийх үеэрээ хүмүүнлэгийн коридор байгуулан, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх тохиролцоонд хүрч байсан. Гэсэн ч энэ коридороор иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил удаа дараа тасалдаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байв. Энэ удаад Улаан загалмайн нийгэмлэгийн зохион байгуулсан, Мариуполийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажил тасалдсан талаар Украины дэд сайд Ирина Верещук мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулжээ.
Верещукийн өгүүлснээр, долоон автобус бүхий цувааг "Улаан загалмайн нийгэмлэг дагалдан " хөдөлсөн ч хүрэх газартаа очиж задалгүй буцахаас аргагүй болсон байна. Мариуполь хотоос 20 км зайд байх Мангуш сууринд Олон Улсын Улаан загалмайн нийгэмлэгийн хэд хэдэн ажилтан саатуулагдсан гэх мэдээлэл гарч байлаа. Харин тэднийг чөлөөлсөн гэж мягмар гарагт мэдээлжээ. Энэ суурин газар Оросын армийн хяналтад байгаа юм. Улаан загалмайн нийгэмлэгийн ажилтнууд өнгөрсөн баасан гарагаас эхлэн Мариуполь руу хүрэх гэж хичээж байгаа ч Оросын тал саад болж байгаа гэж Украины хэвлэлүүд мэдээлсэн байна.
Украины дэд сайд мягмар гарагт мэдээлснээр, нэг өдрийн дотор Мариуполь болон Оросын цэргүүд эзлэсэн Бердянскаас Запорожье хүртэл хүмүүнлэгийн коридороор нийт 2,2 мянган хүн өөрсдийн тээврийн хэрэгслээр явжээ. Тэдний 1,5 мянга нь Мариуполь хотын оршин суугчид, 720 нь бусад суурин газруудаас дүрвэсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ