Ц.Мөнх-Оргил: Гадны нэг ч банкгүй байж олон улсын санхүүгийн чөлөөт бүс байгуулж чадах уу
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Чөлөөт бүс гэдэг чинь амаргүй ажил. Бид өмнө нь хоёр чөлөөт бүс байгуулчихаад тэрнээсээ сургамж авахгүй байна. Хоёр чөлөөт бүс ажиллахгүй байгаагийн шалтгаан нь бид улс дотор улс байгуулснаа ойлгож, хүлээж авч чадахгүй байна.
Өмнөх хоёр чөлөөт бүсээс сургамж авсан уу. Энэ чөлөөт бүсэд яаж засах вэ. Бидэнд санхүүгийн том төв байгуулах мөрөөдөл байж болно. Гэхдээ бид 30 жил хөөцөлдөөд банкуудын лоббиг давж чадахгүй, Монголд өнөөдөр нэг ч гадаадын банк байхгүй. Гадаадын нэг ч банкгүй байж олон улсын санхүүгийн чөлөөт бүс байгуулна гэж ярих нь авцалдаагүй байна. Эхлээд ядаж гадны нэг банктай болж, банкны үйл ажиллагааг эрүүлжүүлье. Гадны банкийг удирдаж, зохицуулж сурсныхаа дараа хийвэл логиктой болно.
Казино их явдалтай зүйл шүү. Мөнгө угаах үйл явцад хяналтаа гүйцэд тавьж чаддаггүй Орос, Хятадын дунд байдаг манай улс хамаагүй казино оруулж ирвэл дэлхийн санхүүгийн системээс таслагдана. Казино нэрээр мөнгө угааж байна гээд дэлхийн санхүүгийн системээс таслагдах амархан шүү. Казиног дагаж орж ирэх нөлөөг тооцож үзэх хэрэгтэй. Казиногийн асуудалд олон улсын зөвлөх компани авч ажиллах хэрэгтэй.
Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогт: Хөшигийн хөндийд өмнөх алдаа дутагдалдаа дүгнэлт хийж, бусад улсуудын амжилттай болсон туршлагуудыг судалж байгаа. Үүнийгээ үндэслэн хөрөнгө оруулагчдын сонирхлыг урьдчилан судалж, төлөвлөлтөө хийж байна. алдаагаа давтахгүйгээр нэлээн ул суурьтай, хуулийн шинэ зохицуулалт, анхны хөрөнгө оруулагчийг татах ажлыг үе шаттай хийж, хөшигийн хөндийг шинэ түвшинд хийнэ.
Ийн гишүүд асуулт асууж, хариултаа авлаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувийн саналаар Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр баталлаа.
Үргэлжлүүлэн Тагнуулын байгууллагын тухай хуулийг хаалттай хэлэлцэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ