Amnesty International: Дайны үеэр энгийн иргэдийг хөнөөсөн баримтууд

Оросын арми Украинд байлдах үеэрээ энгийн иргэдийг олноор нь хөнөөж байгаа талаарх мэдээллийг хүний эрхийн байгууллагууд дэлхий нийтэд түгээсээр байгаа юм. Цэргийн гэмт хэрэгт тооцогдох эдгээр үйлдлийг баримтжуулан, улмаар олон улсын шүүхэд хандах шаардлагатайг Эмнести Интернэшнл байгууллага удаа дараа онцолж байв.
Энэ удаад Эмнести Интернэшнл хүний эрхийн байгууллага Оросын цэргүүд Украинд энгийн иргэдийг хөнөөсөн баримтуудыг цуглуулжээ. Эмнести Интернэшнлийн шинэ илтгэлд Киев мужийн хотууд болон тосгонд энгийн иргэдийг хэрхэн хөнөөсөн талаар өгүүлсэн 20 гаруй хүний гэрчийн мэдүүлэг байгаа аж. Үүнээс цөөн жишээг ВВС агентлаг нийтэлжээ.
"Түүнийг дуусга"
Гуравдугаар сарын есний үдэш Богдановка суурингийн 46 настай оршин суугч эмэгтэй цонхны цаана буун дуу гарахыг сонсжээ. Тухайн үед тэрбээр гэртээ нөхөр, 10 настай охин, 81 настай хадам ээжийн хамт байсан гэнэ. Буун дуу сонссоныхоо дараа тэд хонгил руу бууж, удалгүй Оросын хоёр цэрэг орж иржээ.
"Биднийг халаалтын хэсэг рүү хүчээр оруулаад хаалга хаасан. Хэдхэн минутын дараа хаалга онгойлгож, нөхрөөс тамхи асуусан юм. Хэдэн долоо хоног тамхи татаагүй гэж манай нөхөр хэлсэн. Үүний дараа нэг цэрэг нь нөхрийн минь баруун гар руу буудаж, харин нөгөө нь "Түүнийг дуусга" гэж хэлэхэд өнөөх нь нөхрийн минь толгой руу буудсан" хэмээн оршин суугч ярьжээ.
Түүний өгүүлснээр, нөхөр нь тэр дороо амиа алдаагүй гэнэ.
"Үдшийн 21.30 цагаас өглөөний 04.00 цаг хүртэл ухаангүй байсан ч амьсгалж байлаа. Намайг сонсож байгаа бол гараа хөдөлгөөрэй гэж нөхөртөө хэлсэн. Гараа хөдөлгөөгүй, би түүний гарыг өвдөг дээрээ тавиад чанга атгаад л сууж байсан. Тэр сүүлчийнхээ амьсгалыг авахад би охин руугаа хараад "Аав нь нас барчих шиг боллоо" гэж хэлсэн хэмээн өгүүлсэн байна.
Тэр шөнө эмэгтэй охиныхоо хамт тосгоноос зугтжээ. Харин 81 настай, хөгжлийн бэрхшээлтэй хадам ээж нь гэртээ үлдсэн аж.
"Аавын минь нуруунд зургаан том нүх гарсан байсан"
Гуравдугаар сарын гуравны өдөр Киев мужийн Ворзель суурингийн оршин суугч 18 настай Екатерина Ткачева аав ээжтэйгээ хамт гэртээ байжээ. Гудамжаар Z үсэг бүхий Оросын хэд хэдэн танк явж өнгөрсөн байна. Эцэг эх нь Екатеринаг гэрээсээ гарч болохгүй гэж захиад, өөрсдөө гадагш гарчээ. Удалгүй Екатерина буун дуу сонсов.
"Танкууд явж өнгөрсний дараа би гадагш гүйн гарч, хөршийн хашаа руу орсон. Тэнд хэн нэгэн амьд үлдсэн эсэхийг шалгах гэж тэр. Хашааны цаанаас харахад ээж минь газар хэвтэж, харин аав минь нүүрээрээ газар харуулдан хэвтсэн байна. Аавын пальтон дээр том нүхнүүд гарсан байхыш харсан юм. Маргааш өдөр нь тэдэн рүү очиход, аавын нуруун дээр зургаан том нүх, ээжийн минь цээжинд арай жижиг нүх гарсан байсан" хэмээн ярьжээ.
Екатеринагийн өгүүлснээр, аав ээж нь энгийн л хувцастай, биедээ зэвсэг авч яваагүй байсан гэнэ.
Өөр тохиолдлууд
Киевээс дорнод зүгт байрлах нэгэн тосгоны оршин суугч эмэгтэйн ярьснаар, гуравдугаар сарын есөнд Оросын цэргүүд тэдний гэрт орж ирэн, нөхрийг нь буудаж, дараа нь түүнийг зэвсгээр айлган хэдэнтээ хүчирхийлсэн гэнэ. Тухайн үед бяцхан хүү нь нуугдсан байжээ. Энэ явдлын дараа бүсгүй хүүгийнхээ хамт тосгоноос зугтаж чадсан аж
Буча хотын 24 настай оршин суугч Милена гэрийнх нь ойролцоо нэгэн эмэгтэйн цогцос харсан гэж хүний эрхийг хамгаалагчдад ярьжээ. Амиа алдсан эмэгтэйн ээжиыйн өгүүлснээр, түрэмгийлэл эхэлсэн эхэн үеэр л охиныг нь хашаандаа байхад буудан хөнөөсөн гэнэ.
Хэдийгээр дэлхийн олон орны сэтгүүлчид, хүний эрхийг хамгаалагчдын цуглуулсан баримт нотолгоо их байгаа ч Оросын тал энгийн иргэдийг хөнөөсөн гэдгээ үгүйсгэж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ