Р.Отгонжаргал: Эсэргүүцэл үзүүлсэн 20 иргэнийг түр саатуулан шалгаж байна

Өчигдөр зохион байгуулсан залуусын жагсаалын асуудлаар ЭЦА-наас мэдээлэл өгч байна.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд дарга Р.Отгонжаргал “Жагсаал цуглаан нь жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хуульд зааснаар урьдчилж мэдэгдэж, зөвшөөрөл авсан жагсаал цуглаан биш. Жагсаж цугласан иргэдэд цагдаагийн байгууллагаас үзэл бодлоо тайвнаар илэрхийлэх, иргэдийн эрх чөлөөнд халдахгүй байх, хохирол учруулахгүй байх талаар удаа дараа анхааруулж сануулсан. Залуусын үзэл бодлоо эрхийг нь нээлттэй орхисон.
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн хугацаанд тасралтгүй хяналт тавьж ажиллалаа. 18.00 цагт Хууль зүй дотоод хэргийн сайд гарч ирж, залуучуудтай уулзсан. Тухайн үед ус ундааны сав шидэх, талх шидэх зэрэг эсэргүүцэл үзүүлсэн. Энэ үед нэг эмэгтэйгийн толгой хагарсан. Тиймээс жагсаж байгаа залууст анхааруулж, сануулж хэлсэн. Ингээд 19.00 цагийн орчимд жагсаал цуглааны бүтэц өөрчлөгдсөн. Өглөөнөөс хойш жагссан залуус үзэл бодлоо илэрхийлээд явсан. Ингээд нас, үзэл бодлын хувьд өөр залуус ирж нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд турхирсан үйлдэл, үг хэллэг удаа дараа гаргаж эхэлсэн. Бид хяналт тавьж, удаа дараа анхааруулсан. Цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах, төрийн тусгай объект руу халдах, үйлдэл гаргасан. Ингээд жагсаал цуглааны асуудал намжихааргүй болсон. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд олноор цугларсан. Энэ нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, залуусыг тарахыг шаардсан. Мөн их тэнгэрийн аманд очиж жагсаал цуглаанаа үргэлжлүүлсэн. Улмаар Сүхбаатарын талбайд ирж төрийн тусгай хамгаалалттай объект руу халдах үйлдэл хийсэн. Төрийн тусгай албан хаагчдын тавьсан хууль ёсны эсэргүүцэж, биеийн эрх чөлөөнд нь халдсан. Мөн цагдаагийн байгууллагын алба хаагчдын эрх чөлөөнд халдсан, толгойг хагалсан үйлдэл гарсан. Жагсаал цуглаан намжаагүй. Хүний тоо буураагүй. Жагсагчдын дотор өсвөр насны залуус, насанд хүрээгүй иргэд, хүүхдүүд байсан. Тиймээс урьдчилан сэргийлэх зорилгоор шөнийн 03.40 цагт албадлагын арга хэмжээ авч жагсаал цуглааныг тараасан. Эсэргүүцэл үзүүлсэн 20 иргэнийг түр саатуулан шалгаж байна. Эсэргүүцсэн нийт 18 иргэнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ