Францын сонгууль: Өнөөгийн ерөнхийлөгч өрсөлдөгчөөсөө гурван хувиар л илүүрхэж байна

img

Өнгөрсөн амралтын өдөр Францад Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Энэ сонгуулийн дүнгээр Францын өнөөгийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон "Үндэсний нэгдэл" намын дарга Марин Ле Пен нар сонгуулийн хоёр дахь шатанд өрсөлдөхөөр болжээ. 

 

DW агентлагийн мэдээлснээр, Францын Ерөнхийлөгчийн хоёр дахь шат дөрөвдүгээр сарын 24-ний өдөр болох юм байна. Дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Сонгуулийн комиссын мэдээлснээр, саналын хуудасны 96 хувийг тоолж дуусахад Эммануэль Макрон 27,41 хувь, Марин Ле Пен 24,03 хувийн санал авчээ. Харин зүүнтний намын дарга Жан-Люк Меланшон жагсаалын гуравдугаарт бичигдсэн байна. 

 

Энэ сонгуульд оролцсон социалистууд болон консерваторууд урьд хожид байгаагүй бага санал авсан байна. Францын социалист намыг төлөөлөн сонгуульд оролцсон, Парис хотын дарга Анн Идальго сонгогчдын 1,7 хувийн саналыг авсан бол барууны төвт "Бүгд найрамдахчууд" намаас нэр дэвшсэн  Валери Пекресс 4,75 хувийн санал авчээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, сонгуулийн эхний шатны ирц тун бага байсан гэнэ. Сонгуулийн ирц 17 цагийн байдлаар 65 хувьтай байсан нь өмнөх 2017 оны сонгуультай харьцуулахад дөрвөн хувиар бага байжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ