Оросын цэргийн гэмт хэрэгтэй холбоотойгоор 42 орон Гаагт ханджээ

Орос Украинд өргөн цар хүрээтэй зэвсэгт түрэмгийлэл үйлдэж байгаатай холбоотойгоор дэлхийн 42 орон Гааг дахь Олон улсын шүүхэд хандсан гэнэ. Энэ талаар Украины Хуульзүйн сайд Денис Малюська мэдэгдсэнийг УНИАН дамжуулжээ.
"Дэлхийн 42 орон Гааг дахь Олон улсын шүүхэд хандсан. Олон улсын төвшинд Оросын цэргийн гэмт хэргүүдийг шалгах ажил эхэлсэн. Эдгээр орнууд олон улсын шүүхэд хандсанаар энэ хэргийг шалгах ажлыг хялбаршуулж, түргэсгэсэн юм" хэмээн Украины Хуульзүйн сайд мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, одоо шүүхэд хандсан орнуудын шинжээчид Буча хотод Оросын цэргүүдийн үйлдсэн гэмт хэргүүдийн нотлох баримтуудыг цуглуулж байгаа гэнэ. Баримт цуглуулахад хүндрэлтэй байгаа ч цэргийн гэмт хэргүүдийг мөрдөн шалгах нь нэн тэргүүний зорилт гэж Малюська мэдэгджээ.
Хэргийг шалгахад олон улсын зүгээс дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд ирэх долоо хоногт Францын шинжээчид Украинд ажиллах юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ