Оросын төмөр зам дефолт зарлажээ

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 50 хувийг эзэмшдэг, Оросын төрийн өмчит "Российские железные дороги" буюу Оросын төмөр зам дефолт зарласан талаар хэвлэлүүд мэдээлжээ.
Тодруулбал, Оросын төмөр зам евробондын өрөө төлж чадахгүй, дефолтын байдалд орсон гэж Блүмберг агентлаг мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн сард "Оросын төмөр зам" хүүгийн төлбөрийг төлөөгүйн улмаас бондын хувьд төлбөрийн чадваргүйд тооцогдсон аж. Ингэснээр санхүүгийн гүйлгээ хийхэд хүндрэлтэй болгох хориг арга хэмжээнүүдийг Оросын эсрэг тавьснаас хойш энэ улсын төрийн компани дефолтын нөхцөл байдалд орж байгаа анхны тохиолдол нь энэ юм.
Өмнө нь "Оросын төмөр зам" мэдэгдэл хийхдээ, тус компани 605 сая доллар орчим нэрлэсэн хэмжээ бүхий бондын өрийг төлж чадахгүй болсон талаараа мэдээлж байв. Гуравдугаар сарын 24-ний өдөр энэ компанийн эсрэг хориг арга хэмжээ тавьсны улмаас Лондон дахь дансыг нь царцаасан тул ийнхүү бондын өр барагдуулах боломжгүй болжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ