Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ Украин руу халдан, байлдааны ажиллагаа эхэлснээс хойш Европын хэд хэдэн орны төрийн тэргүүн Украинд очин, Зеленскийтэй уулзсан юм. Энэ удаад Польш, Литва, Латви, Эстонийн төрийн тэргүүнүүд Владимир Зеленскийтэй биечлэн уулзаж, дэмжихээр Киевт очсон байна.
Тэд Украины Ерөнхий сайд Денис Шмыгалийн хамтаар Оросын байлдааны ажиллагааны улмаас ихээхэн сүйдсэн, Киевийн ойролцоох Бородянка хотод очжээ. Тэд уулзалтын дүнгээр хамтарсан хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм. Энэ хурлаас онцлох ишлэлүүдийг хүргэж байна.
Литва улсын Ерөнхийлөгч Гитанас Науседа: Оросын газрын тос, хийг бүрэн хориглох хэрэгтэй
"Өөр нэг чухал асуудал нь хориг арга хэмжээ юм. <...> Байгалийн хий, газрын тос худалдан авахад бүрэн хориг тавьж, Оросын бүх байгууллагын эсрэг хориг тавих ёстой. Дахин давтан хэлье, Оросын банкуудын эсрэг одоо л хориг тавих ёстой. Бид дахин нэг\, хоёр жил хүлээж чадахгүй. Украины ард түмэн шаналж байна, өдөр бүр эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд, ахмадууд амиа алдаж байна. Путиний дайныг санхүүжүүлэхээ зогсоох ёстой"
Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда: "Энэ бол дайн биш, алан хядлага"
"Бид энэ дайны өөр нэг нүүр царайг олж харлаа. Ойлгох, хүлээн авах боломжгүй дүр төрхийг харлаа. Хаа сайгүй бөмбөгдүүлсэн, сүйдсэн байшингууд.<...> Би ийм дүр зураг, сүйдсэн балгасуудыг зурагтаар харж байсан, харин одоо өөрийн нүдээр харлаа. Гэсэн ч итгэхэд бэрх юм" хэмээн Анжей Дуда мэдэгджээ.
Түүнчлэн өнөөгийн энэ дайныг хэзээ ч мартах, хүлээн зөвшөөрөх аргагүйг тэрбээр онцолсон байна.
"Энэ бол дайн биш харин терроризм гэж би Ерөнхийлөгч Зеленский болон бусад ерөнхийлөгчид хэлж байсан. Хэн нэгэн онгоц илгээж, цэрэг орон сууцнуудыг бөмбөгдөж, энгийн ард иргэдийг хөнөөж байгаа бол энэ нь дайн биш. Энэ бол харгислал, балмад явдал, терроризм. Энэ бол Оросын түрэмгийллийн өөр нэг нүүр царай, энэ бол бид хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй дүр төрх" хэмээн Анжей Дуда мэдэгдсэн байна.
Латви улсын Ерөнхийлөгч Эгилс Левитс: Шинэ олон улсын шүүх хэрэгтэй
“Энэ түрэмгийллийн хэргүүдийг хянан шийдвэрлэхэд тусгай шүүх байгуулах шаардлагатай. Учир нь өнөөдрийн байдлаар, эдгээр гэмт хэргүүдийг шүүчих олон улсын шүүх алга. Украин бид бүгдийн өмнөөс тулалдаж байна. Украинд туслах нь бидний үүрэг. Бид бүхий л аргаар, тэр дундаа зэвсгээр туслах ёстой. Тэгсэн цагт Украин дайснаас өөрийгөө хамгаалж чадна. Сүүлийн хоёр сарын хугацаанд Латви улс энэ жилийн цэргийн зардлынхаа гуравны нэгийг Украинд үзүүлэх тусламжид зарцуулсан” хэмээн Эгилс Левитс хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Эстонийн Ерөнхийлөгч Алар Карис: Украинд аль болох их зэвсэг хэрэгтэй
“Украиныг нэмэлт зэвсгээр дэмжихийг уриалж байна. Бид батлан хамгаалахынхаа төсвийн гуравны нэгийг Киевт тусламж болгон өгсөн" хэмээн Эстонийн Ерөнхийлөгч цохон тэмдэглэсэн байна.
Энд дуулгахад, Украины хөрш орнуудын төрийн тэргүүнүүдийн энэ айлчлалд Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер оролцож магадгүй гэсэн мэдээлэл гарч байв. Гэсэн ч тэрбээр айлчлалын бүрэлдэхүүнд багтаагүй юм.
Үүний шалтгааныг Штайнмайер тайлбарлахдаа “Польшийн Ерөнхийлөгч Дуда айлчлалд нэгдэхийг урьсан ч Киевийн талаас намайг энэ айлчлалд багтахыг таашаахгүй гэдгээ ойлгуулсан” хэмээж байв.
Харин Зеленский түүнийг айлчлалд багтах хүсэлтэй байгаа талаар Киев олж мэдээгүй хэмээн мэдэгджээ. Украины олон улс төрч Штайнмайерыг канцлерын албан тушаалд байхдаа Оростой хэт ойрын холбоотой байсан гэж үздэг юм. Түүнийг Европ дахь Оросын газрын тос, хийн ашиг сонирхлыг бүхий л талаар лоббидож байсан гэж буруутгадаг бөгөөд үүнийхээ төлөө Штайнмайер саяхан уучлалт гуйж байлаа.
Германы тал Ерөнхийлөгч нь Украиныг дэмжсэн байр суурьтай байгаа гэдгийг сануулдаг ч Украин Ерөнхийлөгч Штайнмайертай биш харин канцлер Олаф Шольцтай хамтран ажиллахыг чухалчилдаг юм.
Эргэн сануулахад, дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүдээс хамгийн түрүүнд Украинд очсон хүн нь Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон бөгөөд тэрбээр өнгөрсөн долоо хоногт Киевт ажилласан. Түүний араас Австрийн канцлер Карл Нехаммеер Украинд очиж байв.
Г.Бямбасүрэн