М.Нямдаваа: Төсвийн тодотголд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх зардлыг тусгах шаардлагатай

img

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлын хүрээнд МҮЭХ-ны  Хөдөлмөр нийгмийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Нямдаваатай ярилцлаа.  

 

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлагыг тавьж байна. Та бүхэн ямар тооцоо судалгаа хийсэн бэ?

 

-МҮЭХ-ноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороонд тавьж байна. Энэ оны нэгдүгээр сарын 07-ны өдөр түншлэгч талууд буюу Засгийн газар, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Монголын ажил олгогч эздийн холбоонд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх саналыг тавьсан. Ингэхдээ хуулийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх үндэслэл тооцооллоо гаргаж, санал явуулсан.

 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд шинэчлэн тогтоохоор хуульчилсан байдаг. Энэ хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2018 онд шинэчлэн тогтоосон байдаг. Тодруулбал, 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 320.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 420.000 төгрөг байхаар тогтоосон.

 

Улмаар хуулийн хүрээнд 2021 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх байсан хэдий ч цар тахлын нөхцөл байдал болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг нэг жилээр хойшлуулж болно гэсэн хуулийн заалтын хүрээнд МҮЭХ уг асуудалд хүлээцтэй хандсан. Ингээд 2022 онд хуулийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцээрийн хүрээнд тавьсан.

 

МҮЭХ энэ ондоо багтаан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 525.000 төгрөг болгох, хэрэв хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7,2 заалтыг үндэслэвэл 2023 оны 01 дүгээр сарын 01 ны өдрөөс 630.0 мянган төгрөг болгон дагаж мөрдөх санал гаргасан юм билээ?

 

-МҮЭХ-ны саналын дагуу хөдөлмөр нийгэм түншлэлийн гурван талт үндэсний хороо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох асуудлаар хоёр удаа хуралдаад байна. Гэвч талууд санал нэгдэхгүй байгаа. Тухайлбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7.2 дугаар заалт буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон тохиолдолд дараа оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжих хуулийн зохицуулалтыг 2021 онд Хөдөлмөрийн хуулийг батлахдаа дагалдах хуулиудтай хавсаргаж, өөрчлөлт хийсэн байдаг.

 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль хоёр жил хэрэгжинэ. Тиймээс хоёр жилийн дараах нийгэм эдийн засгийн тооцооллыг урьдчилж харах ёстой. 2024,2025 он хүртэл Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420.000 төгрөг хэвээр байлгах ямар ч боломж байхгүй.

 

Тиймээс МҮЭХ-ноос 2022 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчилсэн тохиолдолд 525.000 төгрөг болгож шинэчлэн тогтоох боломжтой байна. 2023 оны асуудлыг дахин ярих ёстой гэсэн байр суурьтай байгаа.

 

МҮЭХ нь  эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан мөн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн холбогдох заалтуудаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх үндэслэл  бүрдсэн гэж үзэж байгаа учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2022 онд нэмэгдүүлж, баталсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг мөрдөж эхэл гэж байгаа юм.

 

Ингэхээр Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7.2 дугаар заалттай нийцэхгүй байгаа учраас МҮЭХ-ноос уг хуулийн заалтыг хүчингүй болгож, төсвийн тодотголоор 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй холбоотой зардлыг улсын төсөвт тусгах шаардлагыг  Засгийн газар, Монголын ажил олгогч эздийн холбоонд хүргүүлээд байна.

 

7.2.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон тохиолдолд түүнийг дагаж мөрдүүлэх хугацаа нь дараагийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдөр байна. Хэрэв тухайн жилийн төсөв батлагдсанаас хойш шинэчлэн тогтоосон бол дараагийн төсвийн жилээс эхлэн дагаж мөрдүүлнэ.

 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7.2 дугаар зүйл заалтыг 2021 онд батлахад МҮЭХ зөвшилцөлд хүрээгүй гэж үү? Тухайн үед санал хүргүүлсэн үү?

 

-МҮЭХ-ноос хөдөлмөрийн хуулийг дагалдуулж гаргах хуулиуд, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7.2 дахь заалтад зөвшилцөөгүй. Өөрөөр хэлбэл, хуулийн өөрчлөлтөд биднээс тодорхой санал аваагүй.

 

Цалин хөлс нэмэгдэх үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхгүй гэж үү. Энэ асуудалд судалгаа хийсэн үү?

 

-Хүн бүр цалин нэмэгдүүлсний дараа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг  гэж хэлдэг Гэтэл 2020 оноос хойш  төрийн албан хаагч болон хувийн хэвшлийн ажилчдын цалин хөлс нэмэгдээгүй. Цалин хөлс нэмэгдэхэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг гэсэн зүйл байхгүй.

 

2020 оноос хойш коронавирус халдвар цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Үүнийгээ дагаад худалдан авах чадвар буурч байгаа. Тиймээс иргэдийн худалдан авах чадварыг сэргээх арга хэмжээ аваач гэж байгаа юм. МҮЭХ-ноос тавьсан шаардлагын дагуу бараа бүтээгдэхүүний үнэ өснө гэсэн зүйл байхгүй. Нөгөө талдаа Засгийн газар УИХ-аас үнийн эсрэг бодлогоо барих хэрэгтэй. Тухайлбал, стратегийн ач холбогдолтой бензин, импортын бараа бүтээгдэхүүнд төр зайлшгүй оролцохоос өөр арга байхгүй. Бүх зүйлийг зах зээлийнх нь зарчмаар чөлөөлнө гэж байхгүй. Аль аль талаасаа үнийн асуудалд онцгой анхаарах шаардлагатай. Худалдан  авах чадварыг сэргээх шаардлагатай байна.

 

 

М.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ