"Москва" хөлөг онгоцтой маркны эрэлт Украинд эрс нэмэгджээ

Оросын "Москва" байлдааны хөлөг онгоц руу дунд хуруугаа гаргаж буй Украины хилчин Роман Грибовыг дүрсэлсэн "Русский военный корабль, иди на#уй" нэртэй маркийг Украины шуудан өнгөрсөн сард гаргасан юм. Хилчний энэ үйлдэл олон нийтийн сүлжээнд ихээхэн тархаж, "меме" болсон юм.
Энэ хөлөг онгоцод Украины тал цохилт өгсөн, улмаар онгоцыг боомт руу чирэх үед живсэн тухай мэдээлэл гарсны дараа энэ маркны эрэлт эрс өсчээ. ВВС агентлагийн мэдээлснээр, пүрэв гарагт "Москва" байлдааны хөлөг онгоцтой марк авахаар шуудангийн зарим салбаруудад урт дараалал үүссэн гэнэ.
"Русский военный корабль, иди на#уй" гэсэн хэллэг нь дээр дурдсан хилчний үйлдлээс гаралтай. Украины хэвлэлүүдийн мэдээлснээр, Оросын арми довтолж эхэлсэн эхний өдөр буюу хоёрдугаар сарын 24-ний 18:00 цаг орчимд Змеиный аралд "Москва" байлдааны хөлөг онгоц ирж, арлын гарнизоныхныг бууж өгөхийг санал болгосон гэнэ. Харин Украины хилчид бууж өгөлгүй, дээрх үг буюу "Оросын цэргийн хөлөг онгоц, чөтгөр рүүгээ тонил" гэж хариулсан гэж Украины хэвлэлүүд мэдээлжээ.
Энэ арлыг Украины 13 хилчин хамгаалж байсан гэх бөгөөд Владимир Зеленский тэдэнд баатар цол олгожээ. Анхандаа тэднийг бүгд амиа алдсан гэсэн мэдээлэл гарч байсан ч тэд амьд, олзлогдсон гэдэг нь удалгүй тогтоогдсон юм. Энэ үеэс хойш Роман Грибовын "Оросын байлдааны хөлөг онгоц чөтгөррүүгээ тонил" гэсэн үгийг Оросын армитай хийх тэмцлийн гол бэлгэдлүүдийн нэг болгон ашиглаж иржээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ