Шатахууны зохиомол үнийн талаар Ерөнхий сайдад асуулга тавилаа

img

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл нар Ерөнхий сайдад асуулга тавьжээ. Тэдний тавьсан асуулгын агуулга нь Дорноговь, Говьсүмбэр, Дорнод аймагт автобензин, дизель түлшийг бусад аймгуудаас харьцангуй өндөр үнээр борлуулж, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа тухай дурьджээ. Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд ОХУ-аас импортоор оруулсан автобензин, дизель түлшийг төмөр замаар тээвэрлэн Сайншанд, Чойр, Чойбалсан дахь төвлөрсөн станцуудад буулган Өмнөговь, Дундговь, Сүхбаатар аймгийн хэрэгцээг хангадаг аж. Эдгээр аймгийнхаас Дорноговь, Говьсүмбэр, Дорнод аймгийн шатахуун 10-100 төгрөгөөр илүү байгаа юм. Гэтэл Дорноговь, Говьсүмбэр, Дорнод аймгуудад борлуулагдаж буй автобензин, дизелийн түлшний үнэ зэргэлдээх Өмнөговь, Дундговь, Сүхбаатар, Хэнтий аймгуудад борлуулагдаж буй үнээс тогтмол 10-100 төгрөг илүү байгаа нь Өрсөлдөөний тухай болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиудын холбогдох заалтыг зөрчиж байна. Төмөр замын тээврийн зардал хямд байдаг учир Сайншанд, Чойр, Чойбалсанд борлуулагдаж буй автобензин, дизелийн түлшний үнэ Улаанбаатарт борлуулагдаж буй автобензин, дизелийн түлшний үнээс 100-200 төгрөгөөр илүү байгаа нь мөн үндэслэлгүй юм. Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг Засгийн газраас цөөн аж ахуйн нэгжид олгосон бөгөөд тэдгээр аж ахуйн нэгжүүд давамгай байдлаа ашиглан үгсэн хуйвалдах замаар үндэслэлгүйгээр үнэ нэмж, хууль бусаар ашиг олж, хэрэглэгчдийн эрх ашгийг хохироож байна. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Танд дараахь асуулгыг тавьж байна. Үүнд: 1. Орон нутагт өндөр үнээр борлуулагдаж буй автобензин, дизелийн түлшний үнийг бууруулах, цаашид алслагдсан бүс нутгуудад бензин, түлшний үнийг бусад төвлөрсөн газруудын үнэтэй адил тэгш байлгахаар төлөвлөж буй арга хэмжээний  талаар; Дээр дурдсанчилан Дорноговь, Говьсүмбэр, Дорнод аймгуудад борлуулж буй автобензин, дизелийн түлшний үнэ бодитой эсэхийг нягтлан шалгаж, дүнг танилцуулах; Өрсөлдөөний тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, давамгай байдлаа хууль бусаар ашигласан автобензин, дизелийн түлш импортлогч аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцох, хэрэглэгчдэд олон жил учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах тухайд. Асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж, улмаар Улсын Их Хурлын чуулганы Нэгдсэн хуралдаанд сонсгохыг Танаас хүсье гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene tene batsuuri odoo ooriigoo yu gej bodsiim be? toirogtoo yu ch hiideggui novsh shuu ard tumeen
2012-01-23