Зеленский: Хэлэлцээ мухардаж байна, шаардлагатай бол 10 жил ч тулалдана

Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тушаалаар Оросын арми хөрш оронруугаа халдсанаас хойш дөрөв дэх өдөр нь буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр сөргөлдөгч талууд анх хэлэлцээ хийж байлаа. Түүнээс хойш хэдэнтээ биечлэн уулзаж, цахимаар хэлэлцэж байсан ч сүүлийн үед хоёр талын хэлэлцээний талаар сураг ажиг сонсогдохгүй болсон юм. Хэлэлцээ хийхэд гол саад болж байгаа нөхцөл нь Оросын тал тулган шаардалт тавьж байгаа бөгөөд олон нийт ч үүнийг хүлээн авахгүй гэж Украины Ерөнхийлөгч мэдэгдсэн бол хэлэлцээ мухардах тийшээ хандсан талаар Украины Гадаад хэргийн сайд ч онцолжээ.
Украин улс ямар нэг тулган шаардалтгүйгээр Оростой дипломат хэлэлцээ хийхэд бэлэн байгаа ч хэлэлцээ хийх боломж улам бүр багассаар байгаа гэж Зеленский мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр, Украины олон нийт хэлэлцээ хийхийг хүсэхгүй байгаагийн дээр шаардлагатай бол 10 жил ч тулалдахад бэлэн гэнэ. Энэ талаар тэрбээр CNN агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. Оросын арми Украин руу тасралтгүй довтолж байгаа нь энх тайвны хэлэлцээнд саад болж байгаа гэнэ.
“Энэ бүхний үнэ цэн юу вэ? Тэр бол хүмүүс. Амиа алдсан олон хүн. Энэ бүхний дүнд хэн төлөөс төлөх вэ? Украин. Энэ бол бидний хувьд асар өндөр төлөөс” хэмээн Зеленский мэдэгджээ.
Түүнчлэн Украины олон нийт Оросын армийн үйлдэж буй зэрлэг балмад хэргийг харах тоолонд хэлэлцээ хийх хүсэлгүй болж байгаа тул Кремльтэй хийх энхийн хэлэлцээний боломж улам бүр багасч байгаа гэж Зеленский онцолсон байна.
“Хэлэлцээ хийх боломж өдрөөс өдөрт багасч байна. Буча, Волноваха, Бородянка, Мариуполийг сана. Биднийг хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг манай олон нийт хүсэхгүй байна. <...> Бид ОХУ-тай 10 жил ч тулалдсан чадна” хэмээн Владимир Зеленский мэдэгджээ.
Кулеба: Хэлэлцээ зогссон
Хоёр талын хэлэлцээ зогсонги байдалд орсон талаар Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Келуба ч мэдэгдсэн байна. Дөрөвдүгээр сард яамдын төвшинд хэлэлцээ болоогүй, Мариупольд оросуудын үйлдсэн зэрлэг балмад үйл явдлын дараа энхийн хэлэлцээ хийх боломжгүй болж байгааг Кулеба CBC News сувагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.
“Парламент болон бусад институтуудын төлөөлөгчдөөс бүрдэх хэлцлийн бүлэг л Оросын талтай холбоотой байгаа. Тэд шинжээчдийн төвшинд үргэлжлүүлэн зөвлөлдөж болох ч дээд төвшинд хэлэлцээ болохгүй байгаа” хэмээн Дмитрий Кулеба мэдэгджээ.
Тэрбээр мөн Буча хотод болсон үйл явдлын дараа Оросын талтай хэлэлцээг үргэлжлүүлэхэд хүндрэлтэй хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Эргэн сануулахад, Оросын арми хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин руу довтолсноосоо хойш энгийн иргэдийг олноор нь хөнөөж, цэргийн гэмт хэрэг үйлдэж байгаа талаарх мэдээлэл олноор гарч байгаа юм. Тэр дундаа Мариуполь хот, Буча хотод Оросын цэргүүд энгийн иргэдийг хөнөөж, охид эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн талаарх мэдээллийг Эмнести Интернэшнл зэрэг хүний эрхийн байгууллагууд цуглуулж, нотлох баримт олсон гэх бөгөөд улмаар дэлхийн олон орон Оросыг олон улсын шүүхэд шилжүүлэх уриалга гаргасан. Харин Оросын тал энэ мэдээллийг няцаасаар байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ