Оросын офицерийн тэмдэглэл: Сургуулилалтад яваад дайнд ирчихсэн

Украины Катюжанка сууринг Украины цэргүүд чөлөөлсний дараа тус суурингийн сургуулиас Оросын офицерийн өдрийн тэмдэглэл олдсон талаар УНИАН мэдээлжээ. Энэ тэмдэглэлд армийнхан Украин руу ямар зорилготой ирсэн талаар болон ОХУ-ын цэргийн стратегийн талаар бичсэн байсан гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр, тэмдэглэлийг гуравдугаар сарын 13-ны өдрөөс буюу Катюжанка сууринг оросууд эзлээд хоёр долоо хоносны дараагаас эхлэн бичсэн байжээ.
"Сургуулилалтад яваад дайнд ирчихсэн" хэмээн өдрийн тэмдэглэл эхлэх аж. ""Катюжанкад байна, энэ бол суурин. Сургуулийн баримт бичгүүдийг уншиж байна. Би харийн улсад байгаа гэдэгтэйгээ одоо хүртэл эвлэрээгүй, дайнд байгаа гэдэгтээ одоо хүртэл итгээгүй байна. Энэ бүхэн зөв эсэхийг одоо хэр нь мэдэхгүй юм" хэмээн өдрийн тэмдэглэлд бичсэн байсан гэнэ.
Түүнчлэн командлалаа ч шүүмжилсэн байсан гэж УНИАН бичсэн байна.
"Хохирлын талаар, байлдааны үйл ажиллагааны талаарх үнэнийг хэн ч ярихгүй байгаа нь бухимдуулж байна. "Бидний үйл хэрэг ариун, ялалт бидний талд" л гэж байнга хэлэх юм. Энэ үйл хэрэг зөв юм уу? Харийн орон руу орж, хотуудыг нь бөмбөгдөх нь зөв юм уу?" хэмээн бичсэн байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ