Зеленский: Оросын цэргүүд Донбасст давшиж эхэлсэн

Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тушаалаар Оросын арми хөрш оронруугаа довтолж эхэлсэн. Энэ хугацаанд талууд хэдэнтээ хэлэлцээ хийсэн ч төдийлөн үр дүнд хүрээгүйн дээр сүүлийн үед хоёр талын хэлэлцээ зогсонги байдалд ороод байна. Ийнхүү энхийн хэлэлцээ саатаж байх зуур талууд давшилтаа үргэлжлүүлж байгаа бөгөөд даваа гарагт Донбассын төлөөх тулалдаан эхэлжээ. Энэ талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гарагийн үдэш хийсэн мэдэгдэлдээ онцолсон байна.
Оросын цэргүүд эртнээс бэлдэж байсанчлан Донбассын төлөөх тулааныг эхлүүлсэн гэж Зеленский мэдэгджээ.
“Оросын цэргүүдийн ихэнх хэсэг нь тэнд давшилтад орохын тулд төвлөрсөн. Тэд хүчтэй байсан ч бид өөрсдийгөө хамгаална. Тэмцэх болно. Украины юуг ч тэдэнд өгөхгүй” хэмээн Зеленский мэдэгджээ.
Зеленскийн цохон тэмдэглэснээр, дорно болон өмнөд хэсэгт сүүлийн үед Оросын цэргүүд өмнө нь төлөвлөж байсныхаа дагуу довтлохоор оролдож байгаа гэнэ.
“Үндсэн хүчээрээ орохын тулд манай улсын батлан хамгаалахын сул талыг хайж байгаа” хэмээн Зеленский мэдэгджээ.
Дайны хоёр дахь үе эхэлсэн талаар Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Андрей Ермак ч мэдэгдсэн байна. Түүнчлэн Луганскийн мужийн захиргшааны тэргүүн Сергей Гайдай ч энэ талаар Фейсбүүк хуудсандаа бичжээ.
Зеленский ард түмэндээ хандан хийсэн мэдэгдэлдээ, Оросын арми Украины эсрэг пуужин тасралтгүй ашиглаж байгаа бөгөөд хоригийн улмаас пуужингийн нөөцөө амархан бүрдүүлж чадахгүй болсон энэ үед тасралтгүй пуужин харвах нь “стратегийн алдаа” хэмээн онцолсон байна.
“Нэг ч пуужингийн цохилт Оросын талд нөхцөл байдлыг зарчмын хувьд өөрчлөөгүй. Нийтэд нь аваад үзвэл, энэ нь стратегийн алдаа” хэмээн Зеленский мэдэгджээ.
Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штабын мэдээлснээр, Оросын цэргүүд Ростов муж болон Крымийн нутаг дэвсгэр дээр нэмэлт хүч төвлөрүүлж байгаа гэнэ. ОХУ энэ сарын 24 хүртэл нөөц хүч бүрдүүлэх ажлаа үргэлжлүүлнэ гэж Украины Зэвсэгт хүчин үзэж байгаа талаар ВВС мэдээлжээ.
Энэ мэдээллийг Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөл ч баталсан байна. Тус зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Даниловын мэдээлснээр, Украины хилтэй залгаа, Белгород мужид нисдэг тэрэг буух талбайнуудыг оросууд бэлдэж эхэлжээ.
Тиймээс, Оростой хил залгаа нутагт болон дайн эхэлж байгаа, үргэлжилж байгаа нутаг дэвсгэрт амьдардаг хүмүүсийг нэн даруй нүүхийг Данилов уриалсан байна.
"Оросууд тавдугаар сарын нэгэн эсвэл есөнд биш юм аа гэхэд Улаан өндөгний баяр гэхэд Донецк, Луганск мужуудыг бүрэн эзлэх зорилтыг өмнөө тавьчихаад байна” хэмээн Данилов мэдэгджээ.
Ийнхүү дайны хоёр дахь үе эхэлж байгаа талаар Украины тал мэдэгдлээ. Украин эцсээ хүртэл тулалдана, хэлэлцээ хийх сонирхолтой ч Оросын талын тулган шаардалтыг хүлээн авахгүй гэж Зеленский болон бусад албаны этгээдүүд удаа дараа мэдэгдэж байв. Хоёр орны анхны хэлэлцээ хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тушаалаар Оросын арми хөрш оронруугаа халдсанаас хойш дөрөв дэх өдөр нь буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр болж байлаа. Түүнээс хойш хэдэнтээ биечлэн уулзаж, цахимаар хэлэлцэж байсан ч сүүлийн үед хоёр талын хэлэлцээний талаар сураг ажиг сонсогдохгүй болсон юм. Хэлэлцээ хийхэд гол саад болж байгаа нөхцөл нь Оросын тал тулган шаардалт тавьж байгаа бөгөөд олон нийт ч үүнийг хүлээн авахгүй гэж Украины Ерөнхийлөгч мэдэгдсэн юм.
Зеленский: Хэлэлцээ мухардаж байна, шаардлагатай бол 10 жил ч тулалдана
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ