Пентагон: Украин байлдааны онгоцууд хүлээн авсан

Украин улс АНУ-аас биш харин НАТО-ын өөр гишүүн орнуудаас байлдааны онгоц хүлээн авсан талаар Пентагон мэдэгдсэнийг Ройтерс агентлаг дамжуулжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Украинд "хоёр долоо хоногийн өмнө байснаас хавьгүй их байлдааны онгоц байгаа" гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жон Кирби мягмар гарагт зохион байгуулсан хэвлэлийн хурал дээр онцолсон байна.
"Ямар орнууд байлдааны онгоц нийлүүлсэн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Украины арми агаарын флотоо нэмэгдүүлэхэд шаардлагатай онгоц, сэлбэгийг хүлээн авсан" хэмээн Кирби мэдэгджээ.
Кирби Украин улс хичнээн тооны, ямар онгоц хүлээн авсан талаар мэдээлэл өгөөгүй байна. Өмнө нь Украин улс барууны орнуудын холбоотнуудаасаа МиГ-29 онгоц нэн даруй илгээхийг хүсэж байлаа. Зөвлөлтийн үеийн энэ сөнөөгч онгоц Польш, Болгар зэрэг зүүн Европын хэд хэдэн оронд байдаг бөгөөд энэ сөнөөгч онгоцыг нисгэгчид нь хөөргөж чадах тул ийм онгоц хүссэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ