"Дэлхийн хамгийн хүчирхэг пуужин"-г ОХУ туршиж, Путин ажиглав

Орос, Украины сөргөлдөөн үргэлжилж байгаа энэ үед ОХУ тив алгасах шинэ пуужин болох "Сармат" баллистик пуужин амжилттай туршсан талаар тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдлээ. Энэ нь Орост заналхийлэхээр оролдож байгаа хүмүүст өгч буй сануулга гэсэн утга бүхий мэдэгдлийг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хийсэн юм. Украин дахь дайны улмаас цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй гэсэн болгоомжлол дэлхий дахинд байгаа энэ үед Оросын эрх баригчид ийнхүү тив алгасах пуужин хөөргөсөн нь олон улсын анхаарлыг татаж байна.
Оросын Батлан хамгаалах яамнаас авсан эх сурвалжтайгаар Регнум агентлаг мэдээлэхдээ, энэ удаад пуужин хөөргөсөн нь улсын туршилтын хөтөлбөрийн хүрээнд анх удаа хийж буй туршилт гэдгийг онцолжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, пуужингийн туршилтыг Путин цахимаар ажигласан гэнэ.
"Энэ бол манай зэвсэгт хүчний байлдааны чадавхийг бэхжүүлэх, Оросын аюулгүй байдлыг гадаад аюул заналаас хамгаалах, манай улс оронд заналхийлэхээр оролдож буй улс орнуудад эргэн нэг бодох боломж өгсөн гайхамшигт зэвсэг" хэмээн Путин мэдэгджээ.
"Сармат" пуужин туршихаар болсон талаараа Оросын тал АНУ-д урьдчилан мэдэгдсэн бөгөөд харин Вашингтон үүнийг аюул занал гэж хүлээн авахгүй байгаа талаараа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
"Орос улс Стратегийн давшилтын зэвсэгийг бууруулах гэрээнд тусгасан үүргийнхээ дагуу тив алгасах баллистик пуужин хөөргөх гэж байгаа талаараа АНУ-д зохих ёсоор мэдэгдсэн. Туршилт ердийн журмаар явагдсан, гэнэтийн зүйл гараагүй, АНУ үүнийг аюул занал гэж хүлээн аваагүй" гэж Пентагон мэдэгдсэнийг Politico дамжуулжээ.
Сармат ба Оросын цөмийн зэвсгийн бэлэн байдал
ВВС агентлагийн мэдээлснээр, Москвагийн цагаар 15:12 Улаанбаатарын цагаар 20:12 цагт Архангельск мужийн Плесецк сансрын буудлаас тив алгасах пуужинг хөөргөсөн байна. Уг пуужинг турших үед "тооцооллын үзүүлэлтүүд батлагдсан", Камчаткийн хойгийн Кура полигон дээр өгөгдсөн бүсэд хүрсэн гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгджээ. Туршилт дууссаны дараа "Сармат" пуужингийн комплексийг зэвсэглэлд нэвтрүүлэх аж.
АНУ-ын Конгрессын Судалгааны албаны мэдээлснээр, "Сармат" 10 болон түүнээс дээш тооны хошуутай байх гэнэ. Энэ пуужингийн талаар анх 2018 оны гуравдугаар сард Путин Холбооны хуралд гаргасан илгээлтдээ онцолж байв. "Сармат" пуужинг олон жилийн туршид боловсруулсан тул барууны орныхны хувьд гэнэтийн зүйл байгаагүй, гэхдээ чухамхүү Украинд дайн дэгдэж буй энэ үед туршсан нь олны анхаарлыг татаж байгаа юм.
Орос улс Украин руу халдахаас хэдхэн хоногийн өмнө цөмийн хүчний өргөтгөсөн сургуулилалт хийж, баллистик болон далавчит пуужин харваж байлаа. Энэ сургуулилалтыг Путин биечлэн удирдаж байсан юм.
"Сармат" пуужин нь дэлхийн хамгийн хүчирхэг стратегийн пуужин болох "Воевод"-ыг орлох аж. "Сармат" пуужин нэг бүр нь 200 тонн гаруй жинтэй бөгөөд энэ пуужинг Красноярскийн машины үйлдвэрт цувралаар үйлдвэрлэхээр зэхэж байгаа гэнэ. Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр, "Сармат" бол бай устгах алсын тусгал хамгийн ихтэй, дэлхийн хамгийн хүчирхэг пуужин гэнэ. Энэ пуужин аливаа пуужингаас эсэргүүцэн хамгаалах системүүдийг "даван туулах чадвартай" аж. Ийм төрлийн пуужин дэлхийд байхгүй, цаашид ч ийм пуужин мөддөө гарахгүй гэж Путин мэдэгдэж байлаа.
"Сармат" пуужингуудыг зэвсэглэлдээ нэвтрүүлсэн эхний хороо 2022 оны сүүл гэхэд бэлэн болно гэж Путин өнгөрсөн оны дөрөвдүгээр сард мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ