ОХУ-ын сайд илтгэл тавих үед G20-ийн төлөөлөгчид танхимыг орхиж, Японы төлөөлөгч үлджээ

G20-ийн орнуудын сангийн сайд болон төв банкны захирлуудын уулзалт дөрөвдүгээр сарын 20-ны өдөр АНУ-ын Вашингтон хотноо эхэлсэн. Энэ уулзалтын үеэр Оросын Сангийн сайд Антон Силуанов үг хэлэхэд төлөөлөгчид эсэргүүцэн танхимыг орхижээ.
DW агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов уулзалтад цахимаар оролцсон бөгөөд түүнийг үг хэлэх үеэр АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен, төв банкны захирал Кристин Лагард, Холбооны нөөцийн газрын дарга Жером Пауэлл, Канадын дэд сайд Христя Фриланд, Украины төлөөлөгчид танхимыг орхин гарсан байна.
Харин Японы Сангийн сайд Сюнъити Сузуки Оросын төлөөлөгчдийг үг хэлэх үеэр танхимд үлдсэн талаар NHK агентлаг мэдээлжээ. Бусад орны төлөөлөгчид танхимыг орхиж байх үед тэрбээр ийнхүү үлдсэн шалтгааны талаарх мэдээлэл гараагүй байна.
Түүнчлэн Германы сангийн сайд Кристиан Линднер бусдынхаа араас гарч, танхимыг орхиогүй гэж DW агентлаг мэдээлжээ. Энэ уулзалтад Оросын Сангийн дэд сайд Тимур Максимов биечлэн оролцсон бол Оросын Сангийн сайд Антон Силуанов болон ОХУ-ын Төв банкны дарга Эльвира Набиуллина нар цахимаар оролцсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ