Борис Жонсон: Путинтэй хэлэлцэх нь утгагүй, ямар ч нэмэргүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгч, Оросын арми хөрш оронруугаа дайрснаас хойш хоёр сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд сөргөлдөгч талууд хэдэнтээ хэлэлцээ хийсэн ч үр дүнд хүрээгүйн дээр сүүлийн үед хэлэлцээ мухардалд орох шинжтэй болсон юм. Өнөөгийн нөхцөлд Оростой хэлэлцээ хийх ямар ч боломжгүй гэж Украины тал мэдэгдэж байсан бол дэлхийн зарим орны төрийн тэргүүн ч ийм утга бүхий мэдэгдэл хийсээр байна.
Хамгийн сүүлд гэхэд, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, Путинтэй хэлэлцэх замаар дайныг зогсоох гэсэн аливаа оролдлого нь утга учиргүй хэмээжээ. Путинтэй хэлэлцээ хийх нь "хөлийг чинь зуураад авчихсан матартай наймаалцах гэж байгаагаас ялгаагүй" хэмээн Жонсон мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулсан байна.
Өмнө нь ийм мэдэгдлийг Италийн Ерөнхий сайд Марио Драги хийж байлаа. "Путинтэй ярилцах нь цаг үрсэн хэрэг гэцгээж байсан нь үнэн юм билээ. Түүнтэй ярилцаад ямар ч нэмэргүй" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ