ВВС: Путин давшилтаа зогсоохыг тушаасны шалтгаан

Хэдэн өдрийн өмнө Оросын арми Украины Мариуполь хотыг хамгаалагчдын гол түшиц хэсэг болсон “Азовсталь” төмөрлөгийн үйлдвэр рүү довтолж эхэлсэн талаараа зарлаж байлаа. Харин дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин давшилтаа зогсоохыг тушаасан юм. Тэрбээр Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзах үеэрээ ийм давшилт хийх шаардлагагүй хэмээсэн байна. Путин ийм шийдвэр гаргахад ямар шалтгаан нөлөөлсөн байж болох талаар ВВС агентлаг тоймлосныг хүргэж байна.
Оросын цэргүүд “Азовсталь” төмөрлөгийн үйлдвэрийг эзлэн авах гэж хэдэн долоо хоногийн туршид хичээж байгаа юм. Энэ үйлдвэрт Украины “Азов” хороо болон энгийн иргэд байгаа гэсэн мэдээлэл бий. Чухам хичнээн хүн байгаа талаарх мэдээлэл тодорхойгүй. Харин Оросын тал энэ үйлдвэрийн нутаг дэвсгэр дээр 2,5 мянган хүн байгаа гэж мэдээлж байв.
Украины эрх баригчдын мэдээлснээр энд 1000 орчим энгийн иргэн байж болзошгүй аж.
Путин, Шойгу нарын уулзалт
Дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Путинтэй уулзах үеэрээ Шойгу Мариуполь хотыг “үндсэрхэг “Азов” хорооны нийслэл” хэмээн нэрлэсэн байна. Тэрбээр үйлдвэрээс бусад нутаг дэвсгэрийг бүрэн хяналтдаа оруулсан гэж илтгэжээ.
Шойгуг илтгэл тавьсны дараа Путин “Аж үйлдвэрийн бүс рүү давших шаардлагагүй, давшилтыг зогсоохыг тушааж байна. Ийм тохиолдолд бид цэрэг, офицерүүдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах ёстой. Тэр үйлдвэрийн объектууд дээр газар доогуур мөлхөх хэрэггүй. Энэ үйлдвэрийн бүсийг ялаа ч нисэхээргүй болгож бүсэл” хэмээн тушаажээ.
Үүний шалтгаан нь чухам юу болсон талаарх хэд хэдэн хувилбарыг ВВС агентлаг дэвшүүлжээ.
Эхний хувилбар-Цэргийн шалтгаан
“Азовсталь” бол Зөвлөлтийн үед баригдсан асар том үйлдвэр бөгөөд энэ үйлдвэрийн дор асар том байгууламж байдаг. Зарим мэдээллээс харахад энэ үйлдвэрийн зарим байгууламж цөмийн цохилтыг ч тэсвэрлэх чадвартай гэнэ. Энд сайтар бэлтгэгдсэн цэргүүд байгаа гэх бөгөөд эдгээр цэргүүд тэнгис рүү хүрэх гарцтай, усны нөөц хангалттай байгаа гэж ВВС мэдээлжээ.
Ийм нөхцөлд үйлдвэрийн бүс рүү давших нь хэт их цаг хугацаа, хохирол араасаа дагуулж болзошгүйг цэргийн шинжээчид онцолсон байна.
Тиймээс Оросын цэргийн командлал цэргүүдийнхээ хэсгийг өөр чиглэлд илгээж, харин үлдсэн нь Азовсталь үйлдвэр дэх Украины гарнизон хүч, хүнс, эсэргүүцэх чадвараа шавхах хүртэл бүслэлт, бөмбөгдөлтөө үргэлжлүүлэх байх гэж ВВС агентлагийн шинжээчид таамаглажээ.
Хоёр дахь хувилбар- Улс төрийн шалтгаан
Британийн цэргийн тагнуулын дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн тайланд “Мариуполь хот дахь эсэргүүцлийг Оросын арми сөрөх чадваргүй, энгийн иргэдэд хор хохирол учруулж буй оновчгүй дайралтуудаас харахад Оросын цэргүүд урьдын адил тавьсан зорилгодоо хүрч чадахгүй байгаа нь харагдаж байна” хэмээн онцолжээ.
Мариуполь хот дахь цэргийн ажиллагаа хэзээ дуусахыг хэн ч таамаглаж чадахгүй байгаа юм. Америкийн CNN агентлаг АНУ-ын төрийн байгууллагуудаас авсан эх сурвалжтайгаар мэдээлэхдээ Путин тавдугаар сарын есөн гэхэд ямар нэг ялалтад хүрэхийг хичээж байгаа хэмээн мэдээлжээ.
Энэ өдөр нь бэлгэдлийн шинжтэй, учир нь тавдугаар сарын есний өдөр Орост ялалтын баярын цэргийн парад болдог бөгөөд чухамхүү энэ өдөр Путин “тусгай цэргийн ажиллагаа” нь амжилттай болсон талаар нийтэд зарлахыг хүсч байгаа гэж барууны хэвлэлүүд бичжээ.
Гэхдээ үйлдвэрийн бүсэд ширүүн тулаан өрнөж байгаа, энгийн иргэд болон хоёр талын армиас ихээхэн хохирол гарч байгаа энэ үед мариуполь дахь ажиллагаа амжилттай дуусна гэж хэлэхэд бэрх гэж ВВС онцолсон байна.
Нөгөө талаас, “Азовсталь” үйлдвэр рүү давшихаас татгалзсан нь улс төрийн яриа хэлэлцээ хийх боломжийг үлдээж байна хэмээн ВВС цохон тэмдэглэжээ. Учир нь Владимир Зеленский Мариуполийн хамгаалагчдыг устгах нь Оростой хийх хэлэлцээнд цэг тавина гэж өмнө нь мэдэгдэж байсан юм.
Гурав дахь хувилбар- Эдийн засгийн шалтгаан
"Азовсталь" бол Европын хамгийн том төмөрлөгийн үйлдвэрүүдийн нэг юм.
Дайнаас өмнө энэ үйлдвэр жилд дөрвөн сая тонн ган, 3,5 сая тонн ширэм, 1,2 сая тонн төмөр үйлдвэрлэдэг байв. Үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хөлөг онгоц, гүүр, газрын тос дамжуулах хоолой барихад ашигладаг байсан юм. Мөн “Азовсталь” нь Украин дахь цорын ганц төмөр замын цариг үйлдвэрлэдэг газар аж.
Тулааны үеэр энэ үйлдвэрт асар их хохирол учирсан ч Оросын тал үнэ цэнтэй зүйлийг хадгалж үлдэхээр хичээж байж болох юм гэсэн хувилбарыг ВВС дэвшүүлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ