Оросын "тусгай цэргийн ажиллагаа"-нд татагдан, Украинд амиа алдсан цэргүүдийн ихэнх нь Буриадаас гаралтай байгаа талаар хэвлэлүүд мэдээлсээр байна. Тиймээс Буриадаас гаралтай залуус нэгдэн "Чөлөөт Буриад" нэртэй олон улсын, дайныг эсэргүүцэх сан байгуулсан талаар Republic.ru мэдээлсэн байна.
Энэ сангийнхан дайныг зогсоох, Кремлийн суртал ухуулгатай тэмцэх, буриадуудыг "Орос ертөнцийн гол хамгаалагч" гэдэг байдлаас салгах зэрэг хэд хэдэн зорилго дэвшүүлсэн байна. Сангийн ерөнхийлөгч, сэтгүүлч Александр Гармажапова Republic.ru сайтад өгсөн ярилцлагадаа ийм сан байгуулах болсон шалтгааны талаар ярьжээ.
"Путин Донбасст дайн өдөөхөд Буриадын цэргийн алба хаагчдыг л тулалдуулахаар илгээсэн. Энэ нөхцөл байдлын талаар 2014 онд "Коммерсант"-ын сэтгүүлч бичиж байлаа.<...> Дараа нь буриадуудын талаар Украины хэвлэлүүд ч ихээр мэдээлэх болсон. Тэд буриадуудыг "Путиний тулааны буриадууд" хэмээн нэрлэж байв. Энэ тодорхойлолт ихээхэн түгэж, бүр меме хүртэл гарсан. Одоогийн түрэмгийлэл эхлэх үед л зарим украин хүн "бид сүүлчийн буриадыг устгах хүртлээ Оростой тулалдана" гэж ярих болсон. Энэ бол үнэхээр таагүй хэрэг. Бид чинь цөөхүүлээ ард түмэн" хэмээн Александра Гармажапова өгүүлжээ.
Тэрбээр өнөөгийн дайнд буриад цэрэг олон байгаа талаар дараах тайлбарыг өгсөн байна.
"Буриад бол маш ядуу бүс нутаг. Эндэхийн эрчүүдэд мөнгө олох хоёр л арга бий. Хойд зүг рүү ажиллахаар явах, эсвэл гэрээт цэргийн алба хаах. Бид Украинд амиа алдсан буриадуудын талаарх мэдээллийг харахад "төрсөн газар" гэдэг дээр аль нэг суурин бичээстэй байх жишээний. Өөрөөр хэлбэл бөглүү суурингийн залуус мөнгө олох гэж л хичээсэн байна. Тэдэнд орон сууцтай болох цорын ганц боломж нь цэргийн албанд гэрээгээр ажиллах. Ингэснээр тэд цэргийн алба хаагчдад зориулсан ипотекийн зээлээр Улаан-Үдэд байр сууц авах боломжтой. Өөрөөр бол ийм байр авч хүчрэхгүй" хэмээжээ.
Гармажаповагийн өгүүлснээр, Украинд хичнээн буриад хүн амиа алдсан талаарх нарийн мэдээлэл байхгүй гэнэ. Харин хэвлэл мэдээллээр гарсан баримтуудаас харахад Буриадтай холбоотой 100 орчим хүн амиа алдсан нь цөөн хүн амын хувьд маш их тоо гэж Гармажапова онцолжээ.
Оросын эрх баригчид зориудаар бага ястнуудаа дайнд илгээдэг гэсэн яриа байдаг. Үүнтэй холбоотойгоор сэтгүүлч асуухад сангийн ерөнхийлөгч дараах хариултыг өгсөн байна.
"Би энэ талаар уншиж байсан. Үндэсний цөөнхүүдэд Украинд төрөл төрөгсөд байхгүй гэдэг үүднээс л эрх баригчид тэднийг сонгодог байх. Харин оросуудын хувьд украинчуудтай нягт төрөл садны холбоотой байдаг. Ингээд л хамгийн ядуу буурай бүс нутгаас явсан залуус л амиа алдаж байна. Гэтэл Москва, Петербургаас явсан цэрэг гэж бараг байхгүй шүү дээ" хэмээн Гармажапова өгүүлжээ.
Энд дуулгахад, өмнө нь гадаадын зарим хэвлэлээр ОХУ "бага ястнууд, тэр дундаа буриадуудыг олноор нь галын шугам руу илгээж байгаа" гэх мэдээлэл олонтаа гарсан юм. Энэ мэдээлэл үнэний ортой байх магадлалтай бөгөөд учир нь Буриадад 14 цэргийн анги нэгтгэл байдаг. Эдгээр анги нэгтгэлүүдээс хичнээн цэргийн алба хаагчийг фронт руу илгээсэн нь тодорхойгүй.
Хэвлэлүүдийн мэдээлснээс харахад, Буриадын харьяат цэргийн алба хаагчид Украинтай хийж буй дайнд олноороо амиа алдсан байна. Тодруулбал, Буриадын "Номер один" сонинд нийтлэгдсэн, амиа алдсан цэргүүдийн тухай болон тэдэнтэй салах ёс хийсэн талаарх албан мэдээллийг шүүхэд, гуравдугаар сарын тавнаас дөрөвдүгээр сарын дөрөвний хооронд гэхэд л Буриадын харьяат 30 гаруй цэргийн алба хаагч энэ дайнд амиа алджээ.
Г.Бямбасүрэн