Сансрын дээд амжилтыг эвдсэн хятад бүсгүй

Дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Хятадын Жай Жиган, Ван Япин болон Е Гуанфу гэсэн сансрын нисэгчид сансарт хагас жилийг өнгөрүүлсний эцэст дэлхийд газардсан юм.
Ван Япин бол сансарын салбар дахь Хятадын хамгийн алдартай бүсгүй. Ван Япин 42 настай, зургаан сарын дараа эх дэлхийдээ эргэн газардсанаар тэрбээр шинэ дээд амжилт тогтоосон юм. Өмнө нь Хятадын сансрын нисэгчид ийм хугацаагаар сансарт байсан тохиолдол гарч байгаагүй аж. Ван Япин болон түүний багийнхан зургаан сарын турш сансарт ажиллахдаа хоёр удаа задгай сансарт гарчээ.
Ван Япин цэргийн нисгэгч мэргэжилтэй. 2001 онд Цэргийн нисэхийн дээд сургуулийг онц дүнтэй төгссөн, 1997 оноос хойш Зэвсэгт хүчинд алба хааж байжээ. Улмаар сургуулиа төгссөний дараа Ардын чөлөөлөх армийн Цэргийн тээврийн нисэх хүчний нисгэгчээр ажиллах болсон, хошууч цолтой аж.
2009 оны тавдугаар сард Хятадад сансрын нисэгчдийн хоёр дахь ээлжийг сонгон шалгаруулах үед эмэгтэйчүүдэд боломж гарч ирсэн гэнэ. Хатуу шалгаруулалтын дүнгээр Ван Япин эмэгтэй сансрын нисэгчдийн бүрэлдэхүүнд багтаж чаджээ.
Ингээд 2013 онд анх сансарт ниссэнээр Хятадын хоёр дахь эмэгтэй сансрын нисэгч болсон аж. Түүнээс өмнө Лю Ян сансарт ниссэнээр Хятадын анхны сансрын нисэгч болж байв.
Ван Япин сансарт байх үедээ шууд нэвтрүүлэг хийж эсвэл танин мэдэхүйн бичлэг хийдэг байснаараа ихээхэн алдаршсан юм. Тэрбээр ийм байдлаар Хятадын сурагчидтай холбогдож, сансраас физикийн хичээл заадаг байжээ.
Ван Япинийг эх дэлхийдээ газардахад нь нөхөр, охин нь тосож авсан юм. Таван настай охин нь ээждээ цэцэг бэлэглэсэн бол ээж нь охиндоо одны дүрс бэлэглэжээ. Ингэснээр тэрбээр охиндоо өгсөн амлалтаа биелүүлсэн гэнэ. Ван Япин сансраас ирэх бүртээ охиндоо тэнгэрийн оддыг авчирж өгнө хэмээн амлаж байсан гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ