Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тушаалаар Оросын арми хөрш оронруугаа довтолсноос хойш хоёр сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд талууд хэдэнтээ хэлэлцээ хийсэн ч төдийлөн үр дүнгүй, улмаар сүүлийн үед хэлэлцээ мухардалд ороод байгаа юм. Ийнхүү мухардах болсон нь Путин хэлэлцээ хийх хүсэлгүйтэй холбоотой гэж барууны хэвлэлүүд мэдээлжээ.
Тухайлбал, Financial Times сонин, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украинтай дипломат хэлэлцээ хийх сонирхолгүй болсон, үүний оронд Украины нутаг дэвсгэрээс аль болох их газрыг эзлэн түрэмгийлэхээр шийдсэн бололтой хэмээн бичжээ. Энэ талаар Оросын Ерөнхийлөгчтэй хийсэн яриа хэлэлцээний талаар мэдээлэлтэй гурван эх сурвалж өгүүлсэн хэмээн Financial Times бичсэн байна.
Өмнө нь, гуравдугаар сард тулааны талбарт Орос ялагдсаны дараа Украинтай энхийн хэлэлцээ хийх боломжийн талаар нухацтай авч үзэж байсан Путин энэ удаад дипломат байдлаар асуудлыг зохицуулах ирээдүйгүй гэж үзэж байгаа талаар хэлэлцээнд оролцогчдод ярьсан гэнэ.
"Путин Оросын телевизийн сувгуудаар сонсож байгаа хуурамч мэдээлэлдээ бат итгэн, том ялалт байгуулахыг хүсэж байгаа" хэмээн хэлэлцээний явцын талаар мэдэх эх сурвалж өгүүлжээ.
Орос, Украин гуравдугаар сарын сүүлээр Стамбул хотод хэлэлцэн, тодорхой асуудлуудыг зөвшилцөхөд бэлэн байсан ч Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын цэргүүдийг Буча болон Мариуполь зэрэг хотуудад энгийн иргэдийн эсрэг цэргийн гэмт хэрэг үйлдсэнд буруутгасны дараа хэлэлцээ мухардалд орсон юм.
FT сонинд мэдээлэл өгсөн хоёр эх сурвалжийн өгүүлснээр, энхийн хэлэлцээ мухардалд орсон гэж Путин мэдэгдээд, Оросын Хар тэнгисийн флотын гол хөлөг онгоц болох "Москва" онгоцыг Украин живүүлсэнд ихэд бухимдсан гэнэ.
"Хэлэлцээ хийх найдлага байсан. Путин нааш цааш яваад л. Түүнд энэ нөхцөл байдлаас ялагчийн дүрээр гарах арга саам олох хэрэгтэй байсан. Гэвч "Москва" живсэний дараа Путин хэлэлцээ хийхийг эсэргүүцсэн. "Москва" живсэний дараа тэр ялагч гэж харагдахгүй байгаа, учир нь энэ үйл явдал түүний хувьд гутамшиг" хэмээн FT сонинд мэдээлэл өгсөн эх сурвалж өгүүлжээ.
Украин болон барууны албаны этгээдүүд Путинийг хэлэлцээ хийх эрмэлзэлтэй байгаа гэдэгт эргэлзэж, түүнийг гагцхүү хугацаа хожих гэж байна хэмээн сэжиглэж байлаа. "Оросын Ерөнхийлөгч генералуудынх нь өгсөн мэдээлэл болон Оросын телевизээр үзүүлж буй хуурамч мэдээлэлд бүрэн итгэж, үнэн бодит мэдээллийг огт хүлээн авахгүй байгаа" хэмээн эх сурвалжууд өгнүүлжээ.
Түүнчлэн Путин Зеленскийтэй уулзахаас "бүхий л чадлаараа" зайлсхийж байгаа, "биечлэн уулзахаас өмнө бүх зүйл шийдэгдсэн байхыг тэр хүсэж байгаа" хэмээн өөр нэг эх сурвалж өгүүлжээ.
Зеленский дөрөвдүгээр сарын 23-ны өдөр мэдэгдэл хийхдээ хэлэлцээг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа ч Мариупольд энгийн иргэд алагдаж, Оросын эрх баригчид Херсон хотод хуурамч санал асуулга явуулвал хэлэлцээ хийх шаардлагагүй болно гэж онцолж байлаа.
Г.Бямбасүрэн