Монгол залуусын насыг тоолж, шүдийг нь татаж байна

Энэ өдрүүдэд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах монгол залуусыг бүртгэж байна. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын системд 2200 хүн бүртгээд, өчигдөр 18.00 цагт хаагдлаа. Харин өнөөдөр бүртгүүлж чадаагүй олон олон залуус ХХҮЕГ-т цуглаж, бүртгэлийн систем маргаантай байгаа талаар гомдоллож байна.
Шалгалт өгөхөөр бүртгүүлсэн 2200 хүнээс тэнцсэн 355 хүний нэр Солонгосын хөдөлмөрийн биржид бүртгэгдэнэ. Үлдсэн нь дараагийн удааг хүлээнэ гэсэн үг.
БНСУ-аас хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар бүртгүүлж буй иргэдэд
1. 18-39 настай байх (1982 оны 4 сарын 26-наас 2004 оны 4 сарын 25-ны өдрийн хооронд төрсөн байх)
2. Өнгө ялгах чадвартай байх. (нурууны үений диск, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтанд орж болох ч хоёр дахь шалгалтанд ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.)
3. Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх
4. БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх
5. Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх зэрэг шаардлагыг тавьж байна.
Товчхондоо Монгол залуус гадны улсад хар ажил хийхийн тулд шилэгдэж, сонгогдож байна гэсэн үг. Наснаасаа эхлээд эрүүл мэндийн шаардлагыг бүрэн дүүрэн хангасан, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн шижигнэсэн залуус тэр улсын аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхээр мянга мянгаараа эх орноосоо явж байна. Аз ёндоо таарч бүртгэлд нь хамрагдсан ч нурууны өвчинтэй, гар хуруу нь бүрэн бүтэн биш бол “тахир дутуу” гэж гологдохыг дээрх шаардлагаас харж болно.
Хэрвээ Монгол Улс залуу хүн ажиллаж хөдөлмөрлөөд, түүнийгээ хангалттай үнэлүүлж, хангалуун амьдрах боломжтой байсан бол монгол залуус нүд, шүдээ татуулан байж, гадны улсыг зорихгүй байх байлаа. Хүнд, хөнгөн салбарын үйлдвэрүүдтэй байсан бол, ажил олгогчид нь хүний хөдөлмөрийг шударгаар үнэлдэг байсан бол залуус хүний нутагт хар ажилтнаараа дуудуулан хөлсөө дуслуулах шаардлагагүй байв. Харамсалтай нь, энэ улсад амьдрал алга. Үйлдвэр байгуулах хөгжлийн хөрөнгийг эрх мэдэлтнүүд нь хулгайлаад, хуваагаад идчихсэн. Ажил олгогч нэртэй хэдхэн хүн нь бусдын хөдөлмөрийн шударгаар үнэлдэггүй, хөдөлмөр мөлжигчид. Тэд “Монголд ажиллах хүн олдохгүй байна” гэж үглэдэг ч үнэн хэрэгтээ залуусын хөдөлмөрийг шударгаар үнэлдэггүй, илүү цагийн хөлс байтугай ажилласан өдөр хоногийн цалинг нь ч өгдөггүй. Залуус ажил голсондоо биш хөдөлмөрөө мөлжүүлээд залхсандаа зорьж очдоггүй хэрэг. Тиймдээ ч тултал нь ажиллаж, ажилласан хэрээр хөдөлмөрөө үнэлүүлдэг улс руу хэдэн мянгаараа дүрвэж байна.
Бие бялдарын хувьд эрүүл саруул, ид хийж бүтээх хөдөлмөрийн насны залуусаа гадны улс руу алдчихаад хөгжлийн тухай ярих нь хөндий хоосон сав руу орилсонтой л адил.
Хөдөөд хөгшид үлдлээ гэж халагладаг шиг одоо хотод улстөрчид л үлдэж байна.
Тэд хөгжлийн тухай ам уралдан бурж, тэр хөгжлөө өөрсдөө хуваан идсээр өнөөдрийг хүрч, залууст ямар ч итгэл найдвар үлдээсэнгүй. Залуусын эх орноо гэх итгэл, сэтгэлийг нь ч хуваагаад залгичихлаа. Үүнийг гудамжинд яваа захын залуу хэлээд өгнө, тэр боломж гарвал энэ улсаас явахыг хүсэж буйгаа ярих болно.
Эх орноо хөгжүүлэх, хийж бүтээх хөдөлмөрийн насны залуус Монголоос явж, явахыг хүсэж байна. Тэдэнд сэтгэл хангалуунаар эх орондоо амьдарч, эх орноо хөгжүүлэх боломж хэзээ олдох бол?!
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ