Оросын Воронеж хотод дэлбэрэлт болжээ

Оросын Воронеж хотод хоёр дэлбэрэлт болсон гэж Иргэний хамгаалал, онцгой байдлын газар мэдээлснийг Интерфакс дамжуулжээ. Одоо хэргийн газарт онцгой байдлын газрын алба хаагчид, гал сөнөөгчид зэрэг холбогдох албаныхан ажиллаж байгаа юм байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Воронеж хотын Шилово хороолол орчимд агаарт хоёронтаа дэлбэрэлт болсон гэнэ. Энэ үеэр агаараас эсэргүүцэн хамгаалах систем ажилласан байж болзошгүй гэж олон нийтийн сүлжээний хэрэглэгчид бичсэн байна. Шилово нь Украины хилээс 300 км орчим зайд оршдог юм.
Үүнээс өмнө, дөрөвдүгээр сарын 27-ны өдөр, Белгород болон Курск мужуудад дэлбэрэлт болсон гэсэн мэдээлэл гарч байлаа. Белгород мужид зэвсгийн агуулах шатсан бол Курск мужид агаараас эсэргүүцэн хамгаалах систем ажилласан байж болзошгүй гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ