Улаан-Үдийн дэлгүүр, автобусны хаягийг буриадаар бичиж эхэлжээ

Буриадын нийслэл Улаан-Үд хотын дарга Игорь Шутенков үүрэг өгсний дагуу Улаан-Үд хотын захиргаанд буриад хэлний комисс байгуулахаар болжээ. Энэ талаар Буриадын "Номер один" сонин мэдээлсэн байна. Буриадын Нийгэм, залуусын бодлогын хорооны дарга Светлана Трифоновагийн өгүүлснээр энэ комисс нь буриад хэлийг хадгалан үлдэх, хөгжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэнэ.
" Буриад хүн амын 31,88 хувь нь Улаан-Үд хотод амьдардаг. Харамсалтай нь бүгд буриад хэлээ мэдэхгүй байна. Тиймээс орон нутаг бүрд буриад хэлийг хамгаалах, хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон" хэмээн Светлана Трифонова өгүүлжээ.
Буриад хэлийг хөгжүүлэх хүрээнд нийтийн тээвэрт автобусны буудлуудыг буриадаар зарлаж эхэлсэн бол автобус, трамвай дотор байрлуулах зарлал, мэдээллүүдийг буриад хэл дээр давхар нийтлэх ажил хийгдэж байгаа гэнэ. Түүнчлэн Монголоос жуулчид ихээр ирж байгаа тул томоохон худалдааны төвүүдийн нэрийг буриад хэлээр давхар бичих ажлыг хийж эхэлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ