Ойн аж ахуйн инженер бэлтгэх сургалтын бүртгэл ирэх сард эхэлнэ

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг бүрэн хангахад Монгол Улсын Их Сургууль оролцоогоо хангаж, энэ жилээс “Тэрбум мод – 1000 инженер” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх болсныг МУИС-ийн ахисан түвшний сургуулийн захирал Н.Баатарбилэг мэдэгджээ.
Ингэхдээ дээд боловсрол эзэмшсэн иргэдийг 2 жилийн хугацаанд 2 дахь бакалаврын зэрэг буюу “Ойн аж ахуйн инженер” мэргэжлээр суралцуулах хөтөлбөрийг боловсруулан, эхлүүлэхэд бэлэн болжээ. Өөрөөр хэлбэл өөр чиглэлийн дээд боловсролтой иргэд 2 жил ойн мэргэжлийн хичээлүүдийг судлан “Ойн аж ахуйн инженер” болох боломжтой аж.
Богино хугацааны “Ойн аж ахуйн инженер” бэлтгэх сургалтын төлбөрт хөнгөлөлттэй. Мөн дээд боловсролтой иргэд Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхгүйгээр МУИС-д элсэх юм байна.
Одоогоор Монгол улсад 600 гаруй дээд боловсролтой ойн инженерүүд төр, хувийн хэвшлийн ойн байгууллагуудад ажиллаж байна. Жилд МУИС, ХААИС жилд 20 орчим ойн инженер, МСҮТ үүд 100 гаруй мэргэжлийн ажилчид бэлдэж байна.
Бүртгэл 05 дугаар сарын 1-ээс 6-р сарын 2 ныг хүртэл үргэлжлэх юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 77307730-3211 утсаар аваарай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ