Путин барууныхныг заналхийлэв

Хоёрдугаар сарын 24-ний өдөр Владимир Путин Украин руу халдах тушаал өгөхдөө энэ асуудалд хөндлөнгөөс оролцохыг оролдсон хэн бүрт хариуг нь барина гэж мэдэгдэж байлаа. Энэ удаад ч мөн дахин заналхийлжээ.
Тодруулбал, Украин дахь нөхцөл байдалд "хөндлөнгөөс" оролцож, Орост стратегийн шинжтэй аюул занал учруулвал ОХУ "хүчтэй цохилт өгнө" хэмээн Путин лхагва гарагт мэдэгдсэн байна.
Тэрбээр Петербург хотноо болсон Хууль тогтоогчдын зөвлөлийн гишүүдтэй уулзах үеэрээ ийнхүү мэдэгдсэн бөгөөд стратегийн аюул занал тулгарсан нөхцөлд "хүчтэй цохилт" өгөхтэй холбоотой бүхий л шийдвэр гарсанх хэмээн онцолжээ.
Путин энэ цохилтыг "хариу-угтах" цохилт хэмээн нэрлэсэн байна. Цэргийн номлолд энэ тодорхойлолт цөмийн зэвсэг ашиглахтай холбоотойгоор хэрэглэгддэг аж. Сөргөлдөгчийн талаас довтолсон нь нотлогдсон ч хамгаалж буй талд ноцтой хохирол учраагүй байх үед өгдөг цохилтыг "хариу угтах" цохилт хэмээн нэрлэдэг юм байна.
Оросын Ерөнхийлөгч ийм цохилтын бай нь ямар объект байх талаар, мөн ямар зэвсгээр цохилт өгөх талаар мэдэгдсэнгүй. Мөн цөмийн зэвсгийн талаар шууд хэлээгүй ч Оросын сөргөлдөгчдөд байхгүй зэвсэг өөрсдөд нь байгаа хэмээн мэдэгджээ. Түүнчлэн хоёрдугаар сарын 24-ний өдөр хийсэн мэдэгдлээ дахин дурдсан байна. Тухайн үед тэрбээр Украинд "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх болсон талаараа зарлахдаа энэ нөхцөлд барууны орнууд хөндлөнгөөс оролцвол түүхэндээ амсаж байгаагүй хор хохиролтой нүүр тулна гэж анхааруулж байсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ