Франц-Америкийн хамтарсан Coty гоо сайхны компани Оросын зах зээлээс гарна

Франц-Америкийн хамтарсан Coty гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани Оросын зах зээлээс гарахаар болжээ. Энэ талаар хөрөнгө оруулагчдадаа мэдэгдэл хүргүүлснийг РГ агентлаг дамжуулсан байна.
Энэ компани Max Factor, Rimmel, СoverGirl гэсэн гоо сайхны брэндүүд, түүнчлэн Guess, Londa, Adidas, Gucci, Hugo Boss, Calvin Klein зэрэг брэндийн гоо сайхны бүтээгдэхүүн болон үнэртэн үйлдвэрлэн худалдаалдаг юм.
"2021 онд Орос дахь Coty компанийн борлуулалт компанийн нийт борлуулалтын гурван хувийг л эзлэж байсан. АНУ, Британи болон бусад орнуудын зохих эрхзүйн баримтуудыг нягтлан үзээд Coty Орос дахь үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохоор шийдлээ" хэмээн компаниас гаргасан мэдэгдэлд өгүүлсэн байна.
Энд дуулгахад, ОХУ Украин руу довтолсон хоёрдугаар сараас хойш барууны орнууд төрөл бүрийн хориг тавьж, Орост 500 гаруй гадаадын компани үйл ажиллагаагаа зогсоосон. Эдгээр компаниудын зарим нь ойрын үед үйл ажиллагаагаа сэргээхээр төлөвлөж байгаа бол Оросын зах зээлийг нэг мөр орхисон компаниуд ч байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ