БОЛОМЖ: Хятад улс нүүрсний импортын татварыг тэглэнэ
2022-04-29

БНХАУ нүүрстөрөгчийн хаягдлыг бууруулах зорилго, зорилт дэвшүүлсэн ч эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэйгээр нүүрс олборлолт болон импортыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Хятадын эрчим хүчний ихэнх хувийг дулааны цахилгаан станцууд үйлдвэрлэдэг бөгөөд энэ станцуудын хэрэглээнд зориулах нүүрсийг дотооддоо олборлохын дээр түнш орнуудаасаа авах нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлэхээр болж байв. 

 

Улмаар Хятад улс нүүрсний импортын татварыг тэглэхээр болсон байна. Энэ шийдвэр тавдугаар сарын нэгний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно гэж Ройтерс агентлаг мэдээлжээ. Импортын татварыг тэглэхээр болсон нь үндэсний эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой гэж Хятадын эрх баригчид мэдэгджээ. Эх сурвалжийн мэдээлснээр, нүүрсний импортын татварыг 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл тэглэх юм байна. 

 

Хятадын нүүрсний хэрэглээ 

 

Хятад улс нүүрс үйлдвэрлэлтээрээ дэлхийд томоохон тооцогддог ч 2015 онд нүүрсний үнэ унасны улмаас олон нүүрсний уурхайгаа хааж байлаа.2019 оны эхний улирлын дүнгээр энэ улс 812 сая тонн нүүрс олборлож байсан бөгөөд олборлолтын гуравны нэгээс дээш хувь Өвөр Монгол, Шаньси, Шэньси гэсэн мужуудад ногддог юм. 

 

Энэ улсын хүн амын өсөлт, үйлдвэржилтийн хэмнэлийг даган эрчим хүчний эрэлт ч нэмэгдсээр байгаа юм. 2013 онд гэхэд л эрчим хүчний эрэлт хоёр дахин өсөж байв. 2010 оны дүнгээр, Хятад улс жилд 3,2 тэрбум тонн нүүрс хэрэглэсэн байна. Нүүрсний ихэнх хэсгийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулдагийн дээр нүүрсийг аж үйлдвэр, өрхөд ч ашигладаг аж.  Үүнийг дагаад нүүрсний хэрэгцээ ч нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг дотоодоос бүрэн хангах болможгүй тул бусад орнуудаас нүүрс их хэмжээгээр импортлон авдаг. 

 

2016 онд БНХАУ 256 сая тонн нүүрс импортлосон бол ердөө 11 сая тонн нүүрс экспортлож байлаа. Харин 2018 онд бүх төрлийн нүүрсний импорт 281 сая тоннд хүрчээ. Хятадын томоохон нийлүүлэгчдэд Индонези, Австрали, Орос зэрэг улсууд багтдаг байлаа.


 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich
2022-04-29