Украин Буча дахь гэмт хэрэгт буруутай 10 этгээдийг нэрлэжээ

Украины Буча хотод Оросын цэргүүд цэргийн гэмт хэрэг үйлдсэн талаарх мэдээлэл энэ сарын эхээр цацагдаж, улмаар дэлхий нийтийн анхааралд орж байлаа. Дэлхийн улс орнууд ОХУ-ын үйлдсэн эдгээр цэргийн гэмт хэргийг шалгуулахаар олон улсын шүүхэд хандаад байгаа юм.
Буча хотод үйлдэгдсэн цэргийн гэмт хэрэгт буруутай этгээдүүдийн нэр, гэрэл зургийг Украины Ерөнхий прокурор Ирина Венедиктова олонд зарласан байна. Буча хотод энгийн иргэдийг тамласан хэрэгт буруутай бүх этгээд нь Оросын 64 дүгээр мотобуудлагын бригадын цэргийн алба хаагчид аж. Тэднийг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин дөрөвдүгээр сард "гвардын" цолоор шагнаж байсан юм.
Украины талын мэдээлснээр, 64 дүгээр бригад нь Буча хотод дээрэм, хүчирхийлэл, тамлалт, аллага үйлдсэн найман бүлгийн нэг гэнэ. Ерөнхий прокурорын зарласан бүх хүмүүс нь офицерүүд биш харин байлдагч, түрүүч нар байгаа аж.
Тэд Буча хотыг эзлэн түрэмгийлэх үеэрээ зэвсэггүй энгийн иргэдийг барьж, тамлаж байсан гэж Венедиктова онцолжээ.
Буча хотод үйлдэгдсэн цэргийн гэмт хэргийн талаарх баримт нотолгоо гарсаар байгаа ч Оросын тал үүнийг няцааж, Буча хотод энгийн нэг ч иргэн гэмтэж бэртээгүй, Оросыг буруутгаж байгаа нь өдөөн хатгалга гэж мэдэгдсээр байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ