Эйнштений талаарх 5 төөрөгдөл

Алдартнуудын хувийн амьдрал, бие хүнийх нь талаарх баримтууд олны анхаарлыг байнга татаж байдаг. Гэхдээ энэ төрлийн мэдээлэл дунд ихээхэн дэлгэрсэн, олон хүн мэддэг боловч үнэнд үл нийцэх баримтууд ч бий. Эйнштений талаар олон баримт байдаг ч хүмүүсийн дунд хамгийн их дэлгэрсэн төөрөгдлүүдийг хүргэж байна.
Төөрөгдөл 1: ЭЙНШТЕН СОЛГОЙ БАЙСАН
Солгой гараар бичдэг хүмүүс илүү бүтээлч, авьяастай байдаг гэж хүмүүс итгэдэг. Үүнийгээ батлаж Эйнштенийг жишээ татдаг. Гэхдээ Альберт Эйнштений зургууд дээр тэрбээр баруун гартаа шохой барьсан, баруун гараараа хийл тоглож байгаа нь дүрслэгдсэн байдаг.
Төөрөгдөл 2: ЭЙНШТЕН МУУ СУРЛАГАТАН БАЙСАН
Альберт Эйнштений тухай өөр нэг төөрөгдөл нь түүнийг муу сурлагатан байсан, бүх хичээл дээр тэр дундаа математикийн хичээлийн шалгалт дээр ч байнга унадаг байсан гэх мэдээлэл. Ялангуяа хүүхэд нь сурлагадаа төдийлөн ахьдаггүй эцэг эхчүүд энэ хувилбарт ихээхэн дуртай. Эйнштен ч муу сурдаг байсан юм, гэхдээ суут хүн болсон гээд л хүүхдээ урамшуулах гэж тэр.
Үнэндээ Эйнштен муу сурлагатай байгаагүйг Швейцарт төгссөн сургуулийнх нь гэрчилгээ батална. Тэрбээр байгалийн ухааны хичээлүүд дээр тун амжилттай суралцдаг байсны дээр латин хэл, грек хэлний хичээлдээ ч сайн дүнтэй байжээ. Эйнштений боловсролын гэрчилгээнд ганц л дунд дүн байдаг нь франц хэлний хичээл дээр авсан дүн.
Түүнийг муу сурдаг байсан гэх төөрөгдөл нь Эйнштений сурж байсан сургууль дүнгийн системийг өөрчилснөөс үүдэлтэй аж. Анхандаа энэ сургууль 6 хамгийн сайн дүн, харин 1 хамгийн мууд тооцдог байсан бол дараа нь эсрэгээр нь 1 гэсэн дүн хамгийн дээд дүн болгон өөрчилжээ.
Төөрөгдөл 3: ЭЙНШТЕН АНХНААСАА Л ВЕГАН ХООЛТОН БАЙСАН
Веган хоолыг сурталчлагчид гагцхүү энэ хоолны ачаар хүмүүс ухаантай алдартай болсон гэсэн мэдээлэл тараах нь их бөгөөд Эйнштенийг ч веган байсан гэх мэдээлэл өргөн дэлгэрсэн байв.
Ийм мэдээлэл тархах үндэслэл ч бий. Альберт Эйнштен хоол боловсруулах замын эрхтэнтэй холбоотой олон асуудалтай байсан, ходоодны шархаа эдгээхийн тулд эмчийн зөвлөгөөгөөр хэсэг хугацаанд веган хоол идэх болжээ. Гэхдээ энэ нь түүний 51 насанд тохиосон үйл явдал. Хэдийгээр веган хоол идэх болсон ч тэрбээр заримдаа мах иддэг байсан бол өндөг, сүүн бүтээгдэхүүнээс огт татгалздаггүй байсан гэнэ.
Төөрөгдөл 4: ЭЙНШТЕН "ОГТОРГУЙ, ТЭНЭГЛЭЛ ХОЁРТ ХЯЗГААР ГЭЖ ҮГҮЙ" ГЭЖ ХЭЛСЭН
"Хязгааргүй хоёр л зүйл бий. Нэг нь огторгуй, нөгөө нь хүний тэнэглэл. Огторгуйн хувьд гэвэл би итгэлгүй байна" хэмээн Эйнштенийг хэлсэн гэдэг. Гэхдээ үнэндээ тэрбээр ийм үг огт хэлээгүй гэнэ. Учир нь Эйнштен огторгуйг хязгааргүй гэж үздэггүй байжээ.
Төөрөгдөл 5: ЭЙНШТЕН СҮСЭГТЭН БАЙСАН
Шашингүй үзэлт, их сургуулийн профессорт Бурхан байдаг гэдгийг баталсан оюутан бол Эйнштен байжээ гэх түүх цахим ертөнцөд ихээхэн алдартай.
"Бурханыг харж эсвэл мэдэрч болох уу?" гэж профессор асуухад залуу Альберт "Тэгвэл уураг тархийг харсан хүн байна уу? Үгүй юу? Тэгвэл тархи ч гэж байхгүй болох нь" гэж мад тавьсан гэх түүх хүн бүрийн сонирхлыг татсан нь гарцаагүй.
Үнэндээ энэ нь ердөө л зохиомол түүх бөгөөд Эйнштен өөрийгөө сүсэгтэн ч гэдэггүй, мөн шашингүй үзэлтэн ч хэмээн нэрлэдэггүй байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ