Подоляк: Далавчит пуужингаар үй олноор хөнөөх нь Оросын мөн чанар

Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тушаалаар Оросын арми Украин руу халдсанаас хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрлөө. Путин анх гагцхүү Украины цэргийн объектуудад цохилт өгнө, энгийн иргэд айх хэрэггүй гэж мэдэгдэж байсан ч байлдааны ажиллагаа эхэлсэн эхний өдрүүдээс л энгийн иргэд хохирч, олон хүн амиа алдан, Украины хотууд сүйрсээр байна.
Дайн эхэлснээс хойших хоёр сар гаруйн хугацаанд "Путиний баг" Украины хотууд руу далавчит пуужингаар 1900 цохилт өгч, энгийн иргэдийг хөнөөсөн гэж Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Михаил Подоляк мэдэгдсэн байна.
"Далавчит пуужингаар үй олноор хөнөөх нь "Орос ертөнц"-ийн мөн чанар" хэмээн Подоляк мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулжээ.
НҮБ-ын мэдээлснээр, Орос Украин руу түрэмгийлснээс хойш 2829 энгийн иргэн амиа алдсаны дунд 205 нь хүүхэд байгаа аж. Мөн 3180 хүн гэмтэж бэртсэний 303 нь хүүхэд байгаа талаар НҮБ мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ