Г.Цэцэнсанаа: Импортын татвар, НӨАТ-ыг багасгавал эмийн үнэ буурна

Манай улсад зарагдаж байгаа эмийн үнэ олон улсын дундажаас 20-25 хувь өндөр байгааг аудитын байгууллага тогтоосон. Тэгвэл эмийн үнэ яагаад ийм өндөр байдаг болоод бууруулах боломжийн талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эм хангамжийн газрын дарга Г.Цэцэнсанаатай ярилцлаа.
-Манай улсад зарагдаж байгаа эмийн үнэ олон улсын дунджаас 20-25 хувиар өндөр байгааг аудитын байгууллага тогтоосон. Яагаад ийм өндөр үнэтэй байгаа вэ?
-Монгол Улсад импортоор орж ирдэг эмүүдийн хувьд үйлдвэрлэгчтэй хийсэн гэрээний нөхцөл, тээврийн зардал, гааль, НӨАТ зэргээс хамааран эцсийн хэрэглэгчид очихдоо тодорхой хэмжээнд нэмэгдэж борлуулагддаг.
-Танай газар дотоодод зарагдаж буй эмийн үнэд хяналт, зохицуулалт хийх боломжтой юу?
-Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэгдсэн худалдан авалт, жишиг үнийг хэрэгжүүлэх, эмийн үнийн ил тод байдлыг хангах, эмийн үнийн шатлал бүр дэх нэмэгдлийн хэмжээг тогтоох зэрэг зохицуулалтуудыг тусгахаар ажиллаж байна.
Мөн эмийн үнийн ил тод байдлыг хангах зорилгоор эмийн бүртгэлийн систем, гаалийн мэдүүлгийн систем, и-баримтын системийг холбохоор ажиллаж байна. Ингэснээр эмийн шатлал бүр дэх үнийн нэмэгдлийг хянах боломжтой болно.
-Хил гаалийн асуудлаас үүдэн зарим эмийн хомстол үүсээд байсан. Эмийн хангамж одоо хэвийн болсон уу?
-Одоогийн байдлаар антибиотикууд, цус шингэлэх, амьсгалын замд нөлөөлөх, уналт таталтын зэрэг долоон нэрийн эмийн нөөц багассан байна. Ханган нийлүүлэх байгууллагууд эдгээр эмийн захиалгыг хийсэн, Энэ 05 дугаар сард импортоор орж ирнэ.
Тасалдал үүсээд байгаа нэн шаардлагатай эмүүдийг өөр улсаас, эсвэл бүртгэлийн загвараас зөрүүтэй бүтээгдэхүүнийг Хүний эмийн зөвлөлийн шийдвэрт тулгуурлан Эрүүл мэндийн сайдын тушаалаар импортын лицензийг олгох байдлаар тасалдалыг арилгах ажил үргэлжилж байна.
Нөөц багасах тусам дотооддоо худалдаалагдаж байгаа эмний үнэ зохиомлоор нэмэгддэг. Үүнийг яаж зохицуулдаг вэ?
-Нийлүүлэлтийг нэмэгдүүлж, өрсөлдөөнийг эрчимжүүлэх, дотоодын үйлдвэрийг дэмжих, гааль, НӨАТ-аас чөлөөлөх, ерөнхий гэрээний худалдан авалтыг нэмэх зэргээр эмийн үнийг бууруулах аргууд бий.
-Хичнээн компани хэдэн төрлийн эм импортолдог вэ?
-2021 онд 118 эм ханган нийлүүлэх байгууллага 1887 нэрийн эм импортоор оруулж ирсэн.
-Эм импортлох компаниудад ямар шаардлага тавьдаг вэ?
-Импортоор эм, эмнэлгийн хэрэгсэл оруулж ирдэг компаниуд тусгай зөвшөөрлийнхөө чиглэлийн хүрээнд эм, эмнэлгийн хэрэгсэл импортолно. Мөн чанарын шаардлага хангасан тогтвортой үйлдвэрлэгчээс бүтээгдэхүүн импортлох ёстой гэсэн шаардлага тавьж ажилладаг. Манай улсад борлуулагдаж буй эмийн 80 хувийг гадны орноос импортоор оруулж ирдэг. Дийлэнх хувийг БНХАУ-аас оруулж ирж байна. Манай эмийн салбар 1990 оноос хойш хувийн хэвшилд шилжсэн. Импортлогчид татварын хэмжээ өндөр, зайлшгүй шаардлагатай эмэн дээр НӨАТ авахгүй бол эмийн үнэ буурах боломжтой тухай ярьдаг.
Уг нь хөнгөлөлттэй эмийн жагсаалтад хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд хэрэглэгдэх эмүүдийг хангалттай оруулж өгсөн. Гэтэл эмч нарын мэдлэг дулимагаас бүх эмээ сурталчлан ойлгуулж чаддаггүй.
Б.Намуунзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ