Британийн Парламентын комиссын дарга порно үзээд огцров

Их Британийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Нил Пэриш ажил дээрээ зохисгүй бичлэг үзсэнээсээ болж ажлаа алджээ. Энэ талаар The Sun мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Пэриш 2010 оноос хойш танхимд Консерватив намыг төлөөлж, 2015 оноос хойш төлөөлөгчдийн танхимын байгаль орчин, хүн, хөдөө аж ахуйн хороог тэргүүлж байгаа улс төрч аж. Харин тэрбээр ажил дээрээ, Төлөөлөгчдийн танхимын байранд утсаараа зохисгүй бичлэг үзсэн гэнэ. Түүнийг ийм бичлэг үзсэнийг төлөөлөгчдийн нэг нь мэдээлснээр, улс төрчдийн сөргөлдөгчид болох лейбористууд энэ асуудлыг олны өмнө гарган тавьсан байна.
Пэриш гэр бүлийн фермдээ зориулсан трактор авахаар интернетэд хайж явтал санамсаргүйгээр ийм бичлэг гарч ирсэн хэмээн өөрийгөө зөвтгөх гэж оролдож байсан ч дараа нь ийм бичлэгийг зориудаар үзсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
"Трактор хайж байтал ижил нэртэй сайт руу орчихсон. Тэнд миний үзэх ёсгүй бичлэг байсан юм. Дараа нь би энэ сайт руу зориуд орж үзсэнээрээ буруутай, энэ бол миний үйлдсэн хамгийн том гэмт хэрэг" хэмээн Пэриш өгүүлээд ажил дээрээ "порно үзэх нь маш буруу" хэмээн онцолсон байна.
Ингээд ажлын цагаар, ажлын байран дээр зохисгүй бичлэг үзсэн парламентын гишүүн огцрохоор болжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ