Бучад цэргийн гэмт хэрэг үйлдсэн Орос цэргийн нэрийг Украины Ерөнхий прокурор зарлажээ

Украины Буча хотод Оросын цэргүүд цэргийн гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдсон, улмаар Украин төдийгүй олон улсын байгууллагууд мөрдөн шалгалт хийхээр болсон талаарх мэдээлэл өнгөрсөн сард гарч байлаа.
Украины Ерөнхий прокурорын газар Буча хотод энгийн иргэдийг хөнөөсний дараа эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд энэ хэргийн анхны сэжигтэн тодорсон байна. Энэ сэжигтэн нь ОХУ-ын Ульяновск мужийн Росгвардын бүлгийн командлагч Сергей Колоцей гэж Украины Ерөнхий прокурор Ирина Венедиктова мэдэгджээ.
"Чухамхүү энэ цэргийн алба хаагч Буча хотод гуравдугаар сарын 18-ны өдөр зэвсэггүй дөрвөн эрэгтэйг хөнөөсөн гэдгийг Бучагийн прокурорууд болон цагдаа нар тогтоосон. Харин гуравдугаар сарын 29-ний өдөр тэр өөр нэг энгийн иргэнийг Оросын армийн эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа хийсэн гэж хэлүүлэхээр тамалсан" хэмээн Венедиктова мэдэгджээ.
Венедиктовагийн өгүүлснээр, Колоцей энгийн иргэнийг баривчлан, хонгил руу оруулж, гараараа болон бууны бөгсөөр цохиж, дараа нь чихнийх нь хажуугаар буудаж сүрдүүлсний дээр, хүчээр цогцос үнэрлүүлсэн гэнэ. Түүнийг шуудангаар дээрэмдсэн эд зүйлээ илгээж байх үед нь авсан ажиглалтын камерын дүрс бичлэг болон гэрчүүдийн мэдүүлэг дээр үндэслэн тогтоосон гэж Украины Ерөнхий прокурор мэдэгджээ.
Харин Беларусийн хэвлэлийн мэдээлснээр, Украинд буруутгагдаад байгаа Колоцей бүх насаараа л Беларусийн Мозырь хотод амьдарч байгаа аж. Түүний танилуудын ярьснаар, Колоцей Оросын төдийгүй Беларусийн армид ч алба хаагаагүй, хүчний байгууллагад харьяалагддаггүй гэнэ. Тэрбээр Мозырийн газрын тос боловсруулах үйлдвэрт таван жил орчмын хугацаанд инженерээр ажиллаж байгаа хэмээн хэвлэл мэдээлжээ. Беларусийн хэвлэлийнхэн Колоцейтэй ч холбогдон тайлбар авсан байна.
"Би Үндэсний гвардад алба хаадаггүй. Та нар чинь солиорчихсон юм уу? Украины прокурор Орос руу шуудан явуулж байгаа хүн бүрийг буруутгах нь л дээ" хэмээн "гэмт хэрэгт сэжиглэгдэж" байгаа Колоцей сэтгүүлчдэд хариулсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ