АНУ үр хөндөлтийг хориглосон түүхэн шийдвэр гаргаж болзошгүй

img

АНУ-ын дээд шүүх Үндсэн хуулиар олгогдсон үр хөндөлт хийлгэх эрхийг цуцалж болзошгүй гэнэ. Энэ нь Америкийн дээд шүүхээс мэдээлэл алдагдах үед задарсан баримт бичиг дээр бичигдсэн байсан гэж  Politico мэдээлжээ.

 

Тодруулбал, Дээд шүүхийн нууц санал хураалтын дараа шүүгч Самюэль Алитогийн бичсэн 98 хуудас илтгэл задарсан байна. Алито илтгэлдээ 1973 оны "Уэйдийн эсрэг Роу" хэрэгт гаргасан, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй  Дээд шүүхийн шийдвэр нь туйлын буруу шийдвэр байсан хэмээжээ. Энэхүү түүхэн шийдвэрийн дагуу Америкийн эмэгтэйчүүд 22-24 долоо хоногоос нь өмнөх хугацаанд үр хөндүүлэх эрхтэй болсон юм.

 

 

 

Мөн энэ илтгэлд үр хөндөлтийн асуудлыг ард түмнээс сонгогдсон хүмүүс шийдэх ёстой хэмээн бичсэн байсан гэнэ. Энэ нь үр хөндөлтийг хориглох асуудлыг мужуудын хууль тогтоох хурлын төвшинд хэлэлцэнэ гэсэн үг юм.

 

Politico сонины онцолсноор, Дээд шүүхийн есөн гишүүний тав нь үр хөндүүлэх эрх Үндсэн хуулийн эрхэд хамаарахгүй гэж тогтоосон гэнэ.

 

АНУ-д үр хөндөлтийг хориглох тухай асуудал ихээхэн эсэргүүцэлтэй тулгардаг. Дээд шүүхээс энэ эрхийг цуцалвал олныг хамарсан эсэргүүцлийн давалгаа үүсэж болзошгүй гэж эх сурвалж онцолсон байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ