Онц хүнд гэмт хэрэгтэн Алабамагийн шоронгийн дэд захирал эмэгтэйн хамт оргожээ

img

АНУ-ын Алабама мужийн шоронгоос 38 настай онц ноцтой гэмт хэрэгтэн Кейси Уайт оргожээ. Тэрбээр цаазын ялтай байсан гэж ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Ялтан оргохтой зэрэгцэн шоронгийн ажилтан эмэгтэй Вики Уайт сураггүй болжээ.  Хоригдол харгалзагч эмэгтэйг барьцаалсан эсвэл эмэгтэй сайн дураар түүнд тусалсан байж болзошгүй гэж хорих газрын удирдлагууд таамаглаж байгаа гэнэ. Харгалзагч болон ялтан хоёул Уайт овогтой ч тэдний хооронд төрөл садны холбоо байхгүй гэж хорих газрын удирдлагууд мэдэгджээ. 

 

Гэмт хэрэгтэн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн өглөө шоронгоос оргосон байна. Тухайн үед шоронгийн харгалзагч, 56 настай Вики Уайт ялтныг шоронгоос гаргасан бөгөөд даргадаа түүнийг сэтгэлзүйчтэй уулзуулахаар шүүх рүү авч явж байгаа хэмээжээ. Гэтэл тэр өдөр ямар ч уулзалт товлогдоогүй, түүнчлэн харгалзагч эмэгтэй журам дагаагүй нь тогтоогдсон байна. Журмын дагуу аюултай гэмт хэрэгтнийг шоронгоос авч гаргахад хоёр харгалзагч дагалдан явах ёстой байдаг гэнэ.

 

Харгалзагч эмэгтэй тухайн үед ажлынхандаа гэмт хэрэгтнийг шүүх дээр орхиод өөрөө эмч рүү явна, бие таагүй байна хэмээн ярьж байжээ. Гэтэл мөн л тэр өдөр Уайт эмчид үзүүлэх цаг аваагүй байсан нь тогтоогдсон байна. 

 

Хорих газрын удирдлагын мэдээлснээр, гэмт хэрэгтэн зэвсэгтэй явж байж болзошгүй бөгөөд учир нь харгалзагч Вики Уайт ажил дээрээ есөн миллиметрийн гар буу ашигладаг байсан аж. Ялтан Кейси Уайт олон нийтэд болон харгалзагч эмэгтэйд ноцтой аюул заналхийлнэ гэж АНУ-ын маршалуудын алба мэдээлжээ. Улмаар энэ гэмт хэрэгтний талаарх аливаа мэдээлэл өгсөн хүнд 10 мянган долларын шагнал амалсан байна.

 

"Үлгэр жишээ ажилтан"

Вики Уайт  Алабамагийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 25 жил ажилласан, Лодердейл тойргийн шоронгийн засан хүмүүжүүлэх газрын дэд захирлын алба хашдаг аж. Дэд захирлын албан тушаалтай тул бүхий л хоригдлуудын өрөөнд чөлөөтэй нэвтрэх эрхтэй, мөн хоригдлуудыг шүүхэд хүргэж өгөх нь түүний албан үүрэгт багтдаг байжээ.

 

Вики Уайт болон хоригдол баасан гарагийн өглөө есөн цагийн орчимд шоронгоос гарсан, харин 11 цагийн орчимд эргүүлийн машиныг худалдааны төвийн зогсоолоос олжээ. Вики Уайтын утас руу залгахад холбогдох боломжгүй, мөн тэрбээр эмч дээр ч очоогүй байсан гэнэ.

 

Тойргийн шериф Рик Синглтоны өгүүлснээр, одоогоор Вики Уайтыг гэмт хэрэгтэнд тусалсан гэх нотолгоо байхгүй тул түүнийг буруутгах эрт байгаа гэнэ. Хорих газрынхны мэдээлснээр Вики Уайт "үлгэр жишээ ажилтан" байсан, мөн оны шилдэг ажилтан шагналыг хэдэнтээ хүртэж байжээ.


Оргосон ялтан Кейси Уайтын тухайд, тэрбээр 2015 онд 58 настай эмэгтэйг хөнөөснийхөө төлөө ял эдэлж байжээ. Анхандаа түүнд хорих ял оноосон ч олон нийт шахан шаардсаны дүнд 2020 онд Кейси Уайтад цаазаар авах ял оноосон гэнэ. Тэрбээр өмнө нь ч хүн барьцаалан шоронгоос оргохыг завдаж байжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

үүнийг хайр гэнэ
2022-05-05