Шанхайд хязгаарлалт суларч, байгууллагуудын 70 гаруй хувь нь хэвийн ажиллаж байна

Гуравдугаар сард Хятадын Шанхай хотод коронавирусийн халдвар дэгдсэний улмаас хатуу хөл хорио тавьж, нэн шаардлагатай ажил үйлчилгээ үзүүлдэг байгууллагаас бусад газрууд түр үйл ажиллагаагаа зогсоож байв. Улмаар дөрөвдүгээр сарын сүүл үеэс халдварын тохиолдол буурч эхэлсэн тул хязгаарлалтуудыг шат дараатай сулруулж эхэлжээ.
Одоогийн байдлаар Шанхай хотод байгууллагуудын 70 гаруй хувь нь үйл ажиллагаагаа сэргээсэн байна.Жэнминь жибао сонины мэдээлснээр Шанхай хотын 1800 гаруй байгууллагын 70 гаруй хувь нь урт хугацааны хөл хорионы дараа дахин ажиллаж эхэлжээ. Хотын гол салбарууд дахин нээгдэж, үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа хэмээн эх сурвалж онцолсон байна.
Шанхай хот сар гаруйн хугацаанд хатуу хөл хорионд байсны улмаас логистикийн асуудлууд нэн хүндэрсэн юм. Энэ хот логистикийн гол цэгүүдийн нэг тул дэлхийн даяар ч тээвэрлэлт, хүргэлтийн үйлчилгээ саатаж, үнэ ханши нэмэгдэхэд нөлөөлж байлаа. Тиймээс Хятадын эрх баригчид зарим байгууллагыг "хаалттай мөчлөг" журмыг мөрдөн ажиллахыг зөвшөөрч байв. Энэ журмын дагуу байгууллагуудын ажилтнууд ажил дээрээ байрлан үйл ажиллагаа явуулах ёстой аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ