Кубын нийслэл дэх дээд зэрэглэлийн зочид буудалд дэлбэрэлт болж, 18 хүн амиа алджээ

img

Кубын нийслэл Хавана хотод байх, хамгийн алдартай, таван одтой буудалд хүчтэй дэлбэрэлт болжээ.Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Хавана хот дахь Капитолийн эсрэг талд байрладаг Saratoga зочид буудалд гарсан энэхүү хэрэг нь хий дэлбэрсэнтэй холбоотой байж болзошгүй гэсэн урьдчилсан хувилбарыг дэвшүүлжээ. Дэлбэрэлтийн улмаас 18 хүн амиа алдаж 60 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. 

 

Хавана хотын түүхэн зочид буудал гэгддэг энэхүү таван одтой зочид буудал цар тахлын үед үүд хаалгаа барьж, улмаар дөрөв хоногийн дараа үйл ажиллагаагаа сэргээхээр ажиллаж байсан гэнэ. Харамсалтай нь ийм дэлбэрэлт болж, буудлын хананы ихэнх хэсэг нь нуржээ. 

 

Энэ буудлын ард байрлах дунд сургууль дэлбэрэлтэд өртөөгүй, хүүхдүүдийг эсэн мэнд нүүлгэн шилжүүлсэн гэж аврагчид мэдэгдсэн байна. Харин буудалд болсон дэлбэрэлтийн үеэр амиа алдсан хүмүүсийн дунд жирэмсэн эмэгтэй болон нэг хүүхэд багтаж байгаа аж. Тухайн үед зочид буудалд гагцхүү буудлын ажилтнууд байсан гэх бөгөөд тэдний ар гэрийнхнээс хэн нэгэн нь хамт байсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна.

"Саратога" зочид буудал 1880 онд баригдаж байсан. Тухайн үед энэ барилгыг Испанийн худалдаачин Дон Эухенио Грегорио Паласисад зориулан барьж байжээ. Энэ барилгад зочид буудлаас гадна тамхины агуулах, дэлгүүр байрлаж байсан гэнэ.

 

1960-аад оноос эхлэн орон сууцны зориулалтаар ашиглаж, өнгө үзэмж ихээхэн доройтжээ. Харин 2005 онд сэргээн засварласнаар дахин зочид буудал нээсэн байна.

 

Энэ буудал 96 өрөө, гурван бар, хоёр зоогийн газар, усан сан, бизнес төвтэй аж. Түүхэн, тансаг энэ буудалд Мадонна, Бейонсе, Рианна, Мик Жаггер гэсэн урлаг соёлын одод төдийгүй Ерөнхийлөгч  Барак Обама 2016 онд Кубад айлчлах үеэрээ "Саратога"-д буудаллаж байжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ