Европын хотуудад дайн эсэргүүцсэн жагсаал болжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Европын хотуудад Украинтай эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлсэн жагсаал цуглаан болж өнгөрчээ. Үүний зэрэгцээ Оросыг дэмжсэн жагсаалууд ч болсон талаар DW агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Германы Кельн хотод тавдугаар сарын наймны өдөр Украинтай эв санаа нэгтэй байгааг илэрхийлсэн жагсаал болжээ. Энэ жагсаалыг "Хөх-шар загалмай" ТББ зохион байгуулсан бөгөөд жагсаалд 10 мянга орчим хүн оролцсон байна.
Мөн өдөр энэ хотод "Энх тайвны төлөө" нэртэй, Оросыг дэмжсэн жагсаал болж, 1000 орчим хүн оролцжээ. Оросыг дэмжсэн арга хэмжээний хүрээнд 150 гаруй мотоциклчин Кельнийг тойрон явсан бөгөөд зарим мотоциклчин Зөвлөлтийн туг далбааг барин явсан гэнэ.
Харин Берлин хотод Тиргартен дэх Зөвлөлтийн дайчдад зориулсан хөшөөн дээр жагсаал болсон байна. Зарим нь Оросын талыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол нөгөө хэсэг нь энэ жагсаалыг Украин дуугаар тасалдуулж байжээ.
Улмаар тавдугаар сарын найман, есний өдрүүдэд болох арга хэмжээнүүдийн үеэр зөрчилдөөн, мөргөлдөөн гарч болзошгүй тул ХБНГУ-ын эрх баригчид ОХУ болон Украины аль алинийх нь далбааг ашиглахыг хоригложээ.
Ням гарагт Британийн нийслэл Лондон хотод "Оросууд дайны эсрэг" уриатай жагсаал болсон бол Гаагд "Путиний сүүлчийн парад" нэртэй жагсаал болсон байна. Ойролцоогоор 70 орчим хүн цугласан энэ жагсаалын үеэр Владимир Путинийг дүрслэн баг өмсүүлсэн хүнийг НҮБ-ын Олон улсын шүүхийн байран дээр авчиржээ. Ингэснээрээ Путин Украинд үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө шийтгэл амсана гэдгийг илэрхийлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ