С.Энхболд: Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгааг эх орондоо хийнэ

Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Эрүүл мэндийн сайд С.Энхболд ажиллаж иргэдийн эрт илрүүлэг, үзлэг оношилгоо болон Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогыг олон нийтэд танилцууллаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Энэ жил Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах жил болгон зарласан. Үүний хүрээнд тодорхой ажлууд хийгдэх төлөвлөгөөтэй. Эмнэлэг бүрд чиглэл өгөгдсөн.
Тавдугаар сарын 01-нээс урьдчилан сэргийлэх үзлэгийг эхэлсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 18 000 орчим хүн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаж байна. Ерөнхий дүгнэлт хэлэхэд эрт байна.
Олон нийтийн сүлжээнд 0-17 насны хүүхдүүдэд 150 мянган төгрөгөөр шинжилгээ хийж байна гэсэн мэдээлэл цацагдсан. Худал мэдээлэл. Бид 18-аас дээш насны иргэдэд 60-150 мянган төгрөгийн багцын шинжилгээ хийж байгаа. Харин 0-17 насны хүүхэд тухайн оршин суугаа дүүрэг болон аймгийнхаа анхан шатны эрүүл мэндийн байгууллагад үзүүлж байгаа.
...Улсын төсөвт тодотгол хийгдсэн. Тодруулбал, 110 тэрбум төгрөгөөр эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж авч чадавхжуулах зорилгоор худалдан авалт хийсэн. Төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд энэ жилээс эхлэн цусны үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгааг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийх бэлтгэл ажлыг хангаад байна. Эхний ээлжинд тус хагалгаанд насанд хүрсэн нэг иргэн ороход бэлэн болоод байгаа. Мөн энэ сараас тус хагалгааг хүүхдэд хийх бэлтгэл ажлыг хийж байна. Гадагшаа явах урсгалыг багасгах, өндөр өртөгтэй эмчилгээг эх орондоо хийхийг зорьж байна" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ