Тусгай хэрэгцээт боловсролын багшийн эрэлт их ч боловсон хүчин маш дутмаг байна

Өнгөрсөн оны сүүлийн статистик мэдээллээр манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 0-18 насны 11 835 хүүхэд байна. Тэдний 1720 нь тусгай сургуульд, 402 хүүхэд тусгай цэцэрлэгт суралцаж байгаа бол 3000 орчим хүүхэд гэртээ, эцэг эхийн асаргаанд байна. Манай улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах 584 багш, ажилчид байдаг. Одоогийн байдлаар Тусгай хэрэгцээт боловсролын багш мэргэжлээр нийт 37 оюутан МУБИС-д суралцаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах боловсон хүчинг хэрхэн бэлдэж байгаа талаар МУБИС-ын Боловсрол судлалын сургуулийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн ахлах багш Ч.Байгалмаатай ярилцлаа.
-Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим хэзээнээс үйл ажиллагаа явуулж, хичнээн багш мэргэжилтэн бэлтгэсэн бэ?
-Манай сургуульд Тусгай хэрэгцээт боловсролын багшийг 2013 онд нэг жилийн хөрвөх, 2015 онд 3.5 жилийн бакалаврын хөтөлбөр шинээр боловсруулан бэлтгэж ирсэн. Өнгөрсөн хугацаанд МУБИС-ийн Тусгай хэрэгцээт боловсролын багшийн нэг жилийн хөрвөх болон 3.5 жилийн бакалаврын ангийг 200 орчим багш төгсөж, мэргэжлээрээ ажиллаж байна.
-Тусгай хэрэгцээт мэргэжлийн ажлын байрны эрэлт хэрэгцээ болон боловсон хүчний тоо хэр уялдаатай байдаг вэ?
-Монгол Улсын хэмжээнд тус мэргэжлийн ажлын байрны эрэлт хэрэгцээ маш их. Харамсалтай нь боловсон хүчин маш дутмаг. Энэ мэргэжлийг сонгон суралцах оюутнууд маш цөөн байдаг.
-Оюутнуудын мэргэжил сонголтын ямар шалтгаанаар эрс ялгаатай байна вэ? Энгийн ангийн болон Тусгай боловсролын багшийн ангийн сургалтын хөтөлбөрийн адил болон ялгаатай тал нь юу вэ?
-Мэдээж аль, аль нь маш их хариуцлагатай. Гэхдээ тусгай боловсролын багш гэхээр ихэнх оюутнууд маань тэр талын мэдлэг дутмаг учраас өөрсдийгөө голох тохиолдол гардаг. Манай сургуулийн бүх ангийн хичээлийн хөтөлбөрт багш өөрийн сэтгэлзүйг хянах болон хүүхэдтэй харилцах сэтгэлзүйн хичээлийг оруулдаг.
Тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр суралцаж буй оюутнуудын сургалтын хөтөлбөрт ямар чиглэлийн хичээлийг суурь болгож оруулдаг вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн бэрхшээл бүрийн шинж чанар, онцлог, тэр бүрт зааж сургах арга барил онол практикийн хичээлүүдийг суурь хичээл болгож оруулдаг.
Энэ чиглэлээр суралцаж буй оюутнуудад улсаас сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг байдаг уу?
-Одоогийн байдлаар улсаас ямар нэгэн хөнгөлөлт тэтгэлэг байхгүй. Манай сургуулийн зүгээс амжилт гаргасан болон голч оноо өндөр оюутнууддаа тэтгэлэг олгодог.
Хөнгөн бэрхшээлтэй хүүхдүүд энгийн сургуульд суралцдаг. Гэвч тэр хүүхдүүдтэй харилцах, боловсрол олгох мэргэжлийн боловсон хүчин дутмаг байдаг. Энэ асуудлыг боловсон хүчин бэлтгэхдээ яаж анхаардаг вэ?
-СӨБ, ЕБС-ийн энгийн багшийн ангид суралцаж буй оюутнуудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй харилцах анхан шатны мэдлэг олгох хичээлийг сургалтын хөтөлбөрт сонгон суралцах хичээлээр оруулсан. Цаашдаа оюутнуудын заавал үзэх хичээл болгох ажил төлөвлөгдөөд ажиллаж байна.
Энгийн сургуульд тусгай хэрэгцээт багш ажиллах боломжтой юу?
-Боломжтой. Гадны орнуудад сургууль бүрт нэгээс дөрөв хүртэлх тусгай хэрэгцээт боловсролын багш ажилладаг. Энэ нь хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн нөхцөлд сурч боловсрох боломжийг бүрдүүлэхээс гадна хичээлийн хоцрогдолтой, сэтгэлзүйн асуудалтай хүүхдүүдтэй ажиллах гол аргачлал болж өгдөг. Манай улс энэ жишиг тогтох хараахан боломж нөхцөл бүрдээгүй байгаа тул энгийн ангийн оюутнуудын хичээлийн хөтөлбөрт тусгай хэрэгцээт боловсролын хичээлийг сонгон суралцах хичээл болгон тусгаж шийдсэн.
Б.Намуунзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ